ЭМЯ | Коронавирусний шинэ тохиолдол илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.

“Өчигдөр /2020.08.10/ ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын лаборатори, Дархан хотын салбар лабораторид 504 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тухайлбал долоодугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар-Францфуртын 266 хүн, долоодугаар сарын 22-ний өдөр Австрали-Улаанбаатар чиглэлээр ирсэн 48 хүн, тусгаарлах байранд ажиллаж буй 32 эмч эмнэлгийн ажилтан, эдгэрсний дараах 43, ажиглан тусгаарлалтад байгаа 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Түүнээс гадна Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч, Дархан, Орхон хотод тусгаарлагдсан 70 хүнээс вирусний халдвар илрээгүй байна.

Долоодугаар сарын 22-ний өдөр Австрали-Улаанбаатарын чартер нислэгээр ирсэн 48 хүн бүгд “Оюутолгой” компанийн ажилчид байжээ. Тэднээс коронавирус илрээгүй.

Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 293 тохиолдол байгаагаас 263 хүн эдгэрээд байна. Харин ХӨСҮТ-д одоо 52 хүн эмчилгээнд байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

 

Top