ЭМЯ | Халдвар нэмж илрээгүй, зургаан хүн эдгэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд зургаан хүн эдгэрсэн талаар мэдээллээ.

Эдгэрсэн иргэд нь энхийг сахиулагчид болон зургаадугаар сарын 29-ний Истанбул-Улаанбаатар чартер нислэгээр ирсэн хүмүүс байна.

Өчигдөр (2020.08.12) ХӨСҮТ-ийн лаборатори, Дархан хотын салбар лабораторид нийт 677 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй аж.

“Шинжилгээг задалж хэлбэл наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатар нислэгээр ирсэн 250 хүн, долоодугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар нислэгээр ирсэн 264 хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан 71, ажглан тусгаарлах байранд ажиллаж буй 21 эмнэлгийн ажилтан, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 293 тохиолдол байгаагаас 269 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-ийн клиникт 24 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол ажиглах тусгаарлалтад 43 хүн байна. Дээрх 43 хүнээс хавсарсан өвчтэй нэг өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Top