Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.
Тодруулбал өчигдөр /2020.08.14/ ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан хотын салбар лабораторид нийт 462 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй байна.
“Тухайлбал наймдугаар сарын 06-ны өдөр Шинэ Дели-Улаанбаатар чартер нислэгээр ирсэн 165, наймдугаар сарын 05-ны өдөр Сиатл-Улаанбаатар чартер нислэгээр ирсэн 253 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Алтанбулгийн боомтоор орж ирсэн 22 жолоочоос коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.
ХӨСҮТ-д одоогийн байдлаар 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Дээрх хоёр өвчтөн хоёул 60-аас дээш насны астма, чихрийн шижин зэрэг хавсарсан өвчтэй аж.
Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 297 тохиолдол бүртгэгдсэнээс 269 хүн эдгэсэн байна.