Японы нэрт загвар зохион бүтээгч Кензо Такада коронавирусээр нас нөгчжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Японы нэрт загвар зохион бүтээгч Кензо Такада 81 насандаа коронавируст халдварын улмаас нас нөгчжээ.

Тэрээр Францын нийслэл Парис хотын ойролцоо орших Нойли сю Саин эмнэлэгт хэвтэж байгаад ийнхүү өвчнөө даалгүй амьсгал хураасан байна.

Түүний үүсгэн байгуулсан Kenzo бренд 1993 оноос эхлэн Францын тансаг зэрэглэлийн LVMH компанийн “малгай” дор үйл ажиллагаа явуулах болсон юм. Тэрээр 1999 оноос эхлэн хувцас загварын ертөнцөөс холдож гэртээ дур сонирхолоо хөөн амьдрах болсон билээ.

Кензо Такада нь 1939 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Японы Хиого мужийн Химежи хотод төрсөн бөгөөд Токио хоттын Бунка коллежийн загвар зохион бүтээх ангид суралцаж байгаад 1965 оноос эхлэн Франц улсад амьдрах болсон юм.

Анх “Такада” нэрээр загварын коллекцоо толилуулсан ч амжилт олж чадаагүй. Гэхдээ удалгүй мөр гарсан шинэлэг загвараараа олны анхаарлыг татаж 1971 оноос эхлэн Кензо нэрээр Нью-Йорк, Токио хотноо алдаршсан билээ.


Эх сурвалж: Associated Press

 

 

Top