Сонгомол барилдааны олимпын мөнгөн медальт, Европын 3 удаагийн аварга, Украины парламентын гишүүн Жан Беленюк шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар бид мэдээлсэн. Жан өвчнөө даван гараад “Факт” сайтад ярилцлага өгчээ.
—Жан, биеийн байдал хэр байна даа?
—Бүх юм хэвийн. Хурдхан идэвхтэй амьдралдаа эргэн орох сон гэж бодож байна.
—Та хаана халдвар авчихав?
—Бэлтгэл дээр 37 хүртэл халуураад, хамаг бие эвгүй оргиод байсан юм. Хэд хоног бэлтгэл хийхээ болихоор шийдээд байж байтал хамт бэлтгэл хийсэн залуус шинжилгээ өгч, дөрөв нь халдвартай гарсныг дуулсан. Коронавирус гэж шууд ойлгосон. Парламентад хэд хэдэн депутат халдвар авахад би өмнө нь шинжилгээ өгч байсан. Дахин шинжилгээнд ортол хариу мэдээж эерэг гарсан.
—Халдвар авснаа мэдээд юу бодсон бэ?
—Сүртэй юм бодоогүй. Хэн ч халдвар авч болно, гол нь эдгээх хэрэгтэй. Хариу эерэг гарангуут би олон нийтийн сүлжээнд энэ талаар мэдээлсэн. Хэн нэгэнд тус болж магадгүй гээд ямар шинж тэмдэг илэрдэг, яах ёстой талаар зөвлөгөө өгсөн.
—Яаж өвчнөө эмчлэв?
—Хүндрээгүй бол тусгай эмчилгээ хэрэггүй юм билээ. Гол нь ариутгалын арга хэмжээ авч, бүлээн зүйл их уух хэрэгтэй. Яг хэзээ халдвар авсан нь тодорхой бус байсан тул үрэвслийн шинжилгээ өгсөн. Энэ бол харин алгасаж болохгүй шуурхай хийх ёстой чухал зүйл.
—Одоо ямар нэг зовиур байна уу?
—Нуруу л өвдөж байна. Халдвар авснаас хойш тусгаарлалтад байснаас болсон байж магадгүй. Гудамжинд гарч, цэвэр агаарт байнга зугаалж байхыг хичээж байгаа. Хотын захад амьдардгийн ач энэ дээр гарсан. Хашааныхаа өвсийг хадсан. Бага багаар идэвхтэй амьдралдаа эргэн орж л байна. Юу ч хийхгүй сууж чаддаггүй тул энэ хооронд гадаад хэл үзэж, аль болох хөдөлж байхыг хичээж байсан.
—Хэд дэх өдөр нь халуун буув?
—Хэлэхэд хэцүү. Өглөө нь зүгээр байснаа үдэш нь ахиад л халуурна.
—Та ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж чинь шинжилгээ өгсөн үү?
—Өгөөгүй байгаа, ээжид ямар ч шинж тэмдэг илрээгүй. Ахмад хүмүүст энэ өвчин халтай байгаа тул би түүнд өөрөөсөө илүү санаа зовж байлаа. Хамт амьдардаг ч гэртээ тус тусдаа зайгаа хувааж, аяга таваг тусдаа тусгаарлагдаж байсан гэхэд болно.
—Коронавирусний халдвар авсан хүмүүст юу зөвлөх вэ?
—Эмч нар шингэн юм их ууж, хөдөлгөөн багатай байхыг зөвлөдөг. Эдгэрсэн ч шууд ажиллаад эхэлж болохгүй. Учир нь энэ өвчний хоёр дахь хүндрэл гэж байдаг. Миний нэг танилд яг ийм явдал тохиолдсон. Тэр тав хоног тусгаарлагдаад эдгэрсэн. Гадагш гараад л бүтэн өдөр ажлаа амжуулж байгаад орой нь дахин халуурч, хүндэрсэн. Найм хоног халуун нь буугаагүй. Уушиг нь үрэвссэн байлаа. Эдгэрлээ гээд баярлах эрт гэдгийг ойлгоорой. Эрсдлийн бүсээс гараагүй байгаа шүү.
—Бөх контакттай спорт. Хэрэв цар тахал удаан үргэлжилбэл бөхийн ертөнц яах бол гэж бодож байна?
—Хариулахад хэцүү юм. Шигшээ багт нэг хүн халдвар авахад л хэдхэн өдрийн дараа ихэнх нь халдвар тусах болно. Аюулгүй вакцин л энэ байдлаас гарах зам юм даа. Халдвар туссан хүмүүс тодорхой хэмжээний дархлаатай болдог. Гэхдээ хэсэг хугацааны дараа дархлаа устаж, дахин халдвар авах магадлалтай юм билээ.
—Хэрэв цар тахал олон жил үргэлжилбэл спортын зарим төрөл үгүй болох аюултай гэж боддог уу?
—Тийм зүйл болохгүй. Цар тахал жил, дээд тал нь хоёр жил л үргэлжилнэ. Хамгийн чухал нь вакцин. Дэлхий даяараа л вакцин гаргах гэж ажиллаж байна. Вакцин байхгүй бол төрийн тэргүүд ч халдвар авсаар байх болно.
—Спортоор хичээллэхгүй байж чаддаггүй олон хүн бий. Спорт танхимд хичээллээд халдвар авахгүй байх арга байна уу?
—Хамгийн хортой зуршил бол гараараа нүүрээ оролдох. Хэцүү байсан ч энэ зуршлаас салах хэрэгтэй. Танхимд хичээллэж байгаа хүмүүс, дасгалжуулагчаас зайгаа барь. Гараа байнга угааж, ариутга. Энэ бүхнийг дагаж чадвал халдвар авах эрсдлийг багасгаж чадна. Халдвар авахаас айгаад гэртээ бүгээд байж таарахгүй. Амьдрал үргэлжилж байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж илүү эрсдэлд өөрийгөө оруулах шаардлагагүй. Зай барих боломжгүй арга хэмжээнд битгий оролц. Цэцэрлэгт хүрээлэнд зугаалахдаа амны хаалт, ариутгагчаа хэрэгтэй үед гаргаад ирэхээр байнга гар дороо авч яв.
—Энэ цар тахал хүн төрөлхтөн бидэнд юу сургав?
—Хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавьдаг боллоо. Эрүүл мэндээ хамгаалж сурлаа. Коронавирус маш аймшигтай өвчин. Багахан шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээ хийлгэж байгаарай.
—Манай уншигчдад юу хүсмээр байна?
—Эрүүл энх болон 36,6 градусын халуунтай байхыг хүсэн ерөөе. Спортоор хичээллээрэй. Дархлаа сайтай хүн элдэв хүндрэлгүй эдгэдэг юм байна. Мөн үргэлж өөдрөг байхыг хүсье.
Сэтгэгдэл ( 0 )