Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс нийт есөн дүүргийн 11 шинжилгээний төвд хийж эхэлсэн.
Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч шинжилгээний төвийн тоог нэмэгдүүлэх болон буулгах, мөн шинээр зохион байгуулах зэрэг шуурхай зохицуулалтыг авч хэрэгжүүлж байна.
Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт, хариу арга хэмжээний 12 баг гарган 2020 оны 11 дүгээр сарын сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын шинжилгээг авч байна.
Энэ хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдээс тандалтын багууд нэмэлтээр ажиллаж байгаа юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цаашид хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дайчлан, халдварыг илрүүлэх тандалтын багийн тоог 30 болгох төлөвлөлт хийгээд байна.
Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх эдгээр шинжилгээний төв, тандалтын багуудад өдөрт дунджаар 200-800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2020 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар, нийслэлийн есөн дүүргийн байнгын ажиллагаатай 20, Баянзүрх дүүрэгт нэмэлтээр зохион байгуулж буй 16 зэрэг нийт 36 шинжилгээний төвд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг хийж байна. Нийтдээ 312.429 шинжилгээ хийснээс 242.370 хүнд ПГУ /PCR/-ын шинжилгээ, 87.382 хүнд хурдавчилсан оношлуурын шинжилгээг тус, тус хийжээ.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл ( 0 )