ЭМЯ: Вакцинаас болж хүн нас барсан тохиолдол гараагүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 21

Эрүүл мэндийн яам коронавируст нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн 170 тохиолдлын 10 тохиолдлын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын бүх хэсэгт эрсдэл бий. НОК мэдээлснээр, өнөөдөр Баянгол дүүргийн Голденпарк, Цоглог хотхон, Түвшин Өргөө хотхоны оршин суугчид шинжилгээнд хамрагдана.

КОВИД-19-ийн талаар албан эх сурвалжийн мэдээлэл авч байхыг анхааруулж байна. Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа. Вакцинжуулалтаас болж хүн нас барсан тухай худал мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ бол худал мэдээлэл юм.

Монгол улсын хэмжээнд 204 мянган хүн вакцин хийлгээд байна. Улаанбаатар хотын таван хүн тутмын нэг нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Өмнөговь аймагт 2096 хүнийг юуны өмнөд вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаагаас 961 хүн вакцин хийлгээд байна. Вакцинжуулалтад жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа, харшилтай, унаж татах өвчтэй, цочмог халдварт өвчтэй, ДОХ, дархлааны төрөлхийн дутмагшилтай, даавар эмчилгээ хийлгэж байгаа, хорт хавдартай, эм, антибиотикт харшилтай зэрэг хүмүүс хамрагдахгүй.

 

 

Top