Европт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 1 000 062-д хүрлээ гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд Европын улс орнуудад халдварын нийт 37 221 978 тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн дахинд батлагдсан халдварын 30.5 хувь, нас баралтын 35.5 хувийг эзэлж байна. Тус тивд одоогоор 100 хүн тутамд 12 нь вакцин хийлгээд байна.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европт халдварын нөхцөл байдал муудаж байгаагийн дээр Европын холбооны хүн амыг вакцинжуулах явц удаан хэвээр буйг онцлон тэмдэглэжээ. ЕХ-ны гишүүн орнуудад гурав дахь давлагаа оргил үедээ хүрч байна. Тиймээс вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж тэрбээр онцолжээ.
Европын холбооны тэргүүлэгч орнууд цар тахлын дэгдэлт эрчимжиж байгаатай холбогдуулан хөл хорионы дэглэмээ чангатгаж эхэлсэн билээ. Европт 2020 оны гуравдугаар сарын 20-нд анхны хөл хориог тогтоож байсан юм.