Эхээс нярайд коронавирусний халдвар дамжсан анхны тохиолдолд Японд бүртгэгдлээ гэж NHK телевиз мэдээлжээ.
Японы хүүхдийн эмч нарын холбооны судлаачдын мэдээллээр, хүүхдийг дөнгөж төрөнгүүт PCR шинжилгээ авсан ба шинжилгээний хариу эерэг гарчээ. Гэхдээ түүний эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байхгүй гэнэ.
Судалгааны явцад Японы 1124 эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс мэдээлэл авснаас 2020 оны наймдугаар сарын сүүлч гэхэд 31 эмнэлэгт халдвартай ээжүүдээс 52 хүүхэд мэндэлжээ. Ингэхдээ зөвхөн нэг нярайн PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Эхээс нярайд халдвар дамжсан цөөн хэдэн тохиолдол мөн өөр бусад оронд бүртгэгдсэн байдаг байна. Японы шинжээчийн хэлснээр, эхээс нярайд халдвар дамжих магадлал туйлын бага, нярайд илрэх шинж тэмдэг маш сул тул санаа зовох зүйл байхгүй гэнэ. Энэ нь зөвхөн эхээс нярайд халдвар дамжих магадлал байдаг тул жирэмсэн эхчүүдийг хамгаалах хангалттай арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг сануулж байна гэж шинжээч онцолжээ.