Коронавирусний эсрэг вакцины эрэлт өндөр болон дунд орлоготой улс орнуудад өндөр байгаагаас үүдэн олон улсын “COVAX” механизмаар вакцин нийлүүлэх ажил удааширч байна. Одоогийн байдлаар, вакцины 75 хувь дэлхийн дөнгөж арван улсад ногдож байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Дэлхийн худалдааны байгууллагын өндөр түвшний бага хурал дээр мэдэгджээ.
Дэлхийн хэмжээнд одоогоор 459 сая вакцин хийгээд байгаагаас 76 хувь нь арван улсад ногдож байна. “COVAX” хөтөлбөрийн хүрээнд нийт 32 сая гаруй тун вакциныг 57 улсад нийлүүлээд байна. Ирэх тавдугаар сар гэхэд нийлүүлэлтийн хэмжээ 237 сая тунд хүрнэ гэж ДЭМБ найдаж байна.
Цар тахлын дараа ч дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбар олон тооны сорилттой тулгарна. Тиймээс ДЭМБ дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд саад учруулж буй оюуны өмчийн эрхийн салбар дахь саад тотгорыг арилгах талаар Энэтхэг, Өмнөд Африкийн гаргасан саналыг дэмжиж байна. “Хэрэв одоо уян хатан байдал гаргахгүй бол хэзээ гаргах вэ?” гэж Гебрейесус онцолсон байна.
“COVAX” хөтөлбөрт дэлхийн 190 улс орон оролцож байна. Төлөвлөгөө ёсоор энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эцэс гэхэд хоёр тэрбум тун вакциныг дэлхий даяар ижил тэгш түгээсэн байх учиртай.