Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал анх гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Тэгвэл дэлхийн дахинд байдал ямар байна вэ? Ингээд коронавирусний талаар өнөөдрийн /2021.04.06/ онцлох таван мэдээг танилцуулж байна.
- ОХУ-д коронавирусний шинэ вакцин Спутник Лайт-ийн туршилт эхлэж, 3000 сайн дурынхан хамрагдаж байна. Энэ вакцинд коронавирус байхгүй тул халдвар авах, бусдад тараах магадал байхгүй гэнэ. Сүүлийн 24 цагт ОХУ-д 8646 шинэ тохиолдол бүртгэгдэж, 343 хүн энджээ.
- Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээгээр дэлхийд халдвар авсан хүний тоо 131 саяыг давлаа. Хамгийн их халдварын тохиолдолтой орон нь 30.7 сая тохиолдол бүртгэгдсэн АНУ юм. Америкийн араас Бразил (12,9 сая), Энэтхэг (12,6 млн) орж байна. Франц улс 4.9 сая халдвар бүртгэгдэж, 4.5 сая тохиолтол ОХУ-ыг даван гарлаа.
- Өмнөд Солонгос улс цар тахлын 4 дэх давлагааны ирмэг дээр ирснээ зарлалаа. Тус улсын эрүүл мэндийн газраас сүүлийн долоо хоногт халдварын тоо 500-гаас буухгүй байгаа тул Засгийн газартаа хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлээд байна. Гэхдээ ард иргэд ариун цэврийн дэглэмээ чанд сахих юм бол хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг сануулжээ.
- Пакистанд одоогийн байдлаар эмнэлгийн ажилтнууд болон 50-иас дээш насны иргэдээ дархлаажуулалтад хамруулж байна. Вакцин үнэ төлбөргүй хийж байгаа ч эрсдэлтэй бүлэгт багтахгүй хүн хийлгэвэл 50 ам.доллар гэнэ.
- Ковидийн халдвар авсан хүмүүсийг гэрийн тэжээвэр амьтанд ойртож, илж, эрхлүүлэхгүй байхыг ДЭМБ-иас анхаарууллаа. Учир нь COVID-19 хүнээс нохой, муур, булга, арслан, бар зэрэг амьтанд халддаг нь тогтоогджээ. Ингэснээр коронавирус мутацид орж, улам аюултай болох эрсдэлтэй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )