СУДАЛГАА I АstraZeneca вакцины үр дүн 79 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Монгол Улс өнөөдрийн байдлаар БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Vero cell вакцин, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан AstraZeneca вакциныг коронавирусний халдварын эсрэг иргэдээ дархлаажуулахад ашиглаж байна. Мөн удахгүй ОХУ-ын Спутник V вакцин болон АНУ-ын “Pfizer” вакциныг Засгийн газрын хэлэлцээрийн шугамаар оруулж ирэх юм.

Эдгээр вакцины үр дүн, судалгааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

ASTRAZENECA - ҮР ДҮН 79%

АНУ-д хийсэн судалгаагаар АstraZeneca вакцины үр дүн 79 хувьтай байна. Харин настай хүмүүст энэ вакцины үр дүн 80 хувь байна гэж клиникийн туршилтын гурав дахь үе шатны дараа мэдээлжээ. 65-аас дээш насныханд AstraZeneca вакцины үр дүн 80 хувь байсан аж. Судалгаанд АНУ-д энэхүү вакциныг хийлгэсэн 32449 хүн оролцжээ. Судалгааны үеэр АstraZeneca вакцины хоёр дахь тунг эхний тунгаас нь дөрвөн долоо хоногийн дараа хийсэн байна.

“AstraZeneca” компани мөн уг вакцин нь коронавирусний халдвар хүндрэх болон эмнэлэгт хэвтэх эрсдэлээс 100 хувь хамгаална гэж мэдэгдсэн. Судалгаагаагаар АstraZeneca вакцины аюулгүй байдалтай холбоотой ямар ч асуудал илрүүлээгүй байна. Энэ вакциныг цусны бүлэгнэл үүсгэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад цус өтгөрүүлэх, бүлэгнүүлэх ямар ч эрсдэл олоогүй аж. Цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэх судалгааг АstraZeneca вакцины эхний тунг тариулсан 21583 хүнд хийсэн байна.

Европын эмийн агентлагаас (ЕМА) мэдээлснээр АstraZeneca вакцин нь маш ховор төрлийн цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэхэд нөлөөлж болох ч үүнээс урьдчилан сэргийлж болох аж. АstraZeneca вакцин нь бүх насныхан, бүх үндэстэн ястанд үр дүнтэй гэж АНУ-д явуулсан судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцсон хүмүүс дунд цагаан болон өнгөт арьстнууд, уугуул америкчууд, ази, латин америк хүмүүс байсан бөгөөд судалгаанд оролцогчдын 20 хувь нь 65 настай хүмүүс, 60 хувь нь коронавирусний халдвараар өвчилвөл хүндрэх аюултай чихрийн шижин, таргалалт, зүрхний өвчин зэрэг ямар нэгэн суурь өвчинтэй хүмүүс байжээ.

Их Британи, ӨАБНУ, Бразилд өмнө нь хийсэн судалгаагаар АstraZeneca вакцины үр дүнг 82 хувь гэсэн билээ. Энэхүү вакцины үр дүнгийн судалгаа дуусаагүй байгааг Оксфордын их сургуулиас мэдээлжээ.

AstraZeneca вакцин нь шимпанзед ханиад томуу үүсгэдэг сулруулсан вирусний үндсэн дээр суурилан хийсэн, коронавирусний генетикийн материалыг агуулсан тарилга юм. Вакциныг хийлгэсний дараа хүний дархлааны системд коронавирус бие организмд орж ирвэл танихад туслах тусгай уураг бий болно.

Европын эмийн агентлагийн (EMA) Гүйцэтгэх захирал Эмер Күүк “Шинжлэх ухааны тодорхой дүгнэлт хийхэд AstraZeneca вакцин аюулгүй бөгөөд үр дүнтэй, коронавирусний эсрэг хэрэглэх ёстой вакцин юм. Энэ вакцин цус өтгөрөлт үүсгэдэг болохыг олж тогтоогоогүй. Ховор тохиолдох цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэхэд нөлөөлж болохыг үгүйсгэхгүй ч хэдэн сая вакцин хэрэглэснээс долоод нь л ийм тохиолдол гарна” гэжээ.

AstraZeneca вакцины үр дүн нь үүсгэж болох эрсдэлээсээ давсан гэж Европын эмийн агентлаг онцолсон. Энэ вакциныг 11 сая гаруй хүндээ тарьсан Их Британи улсад л гэхэд AstraZeneca вакцин коронавирусний халдварын тархалтыг бууруулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоог багасгажээ.

AstraZeneca вакциныг Цельсийн 2-8 хэмд хадгалах боломжтой бөгөөд бусад вакцинтай харьцуулахад түгээхэд хялбар аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top