ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

Өнөөдөр 2022.05.26. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 05 цаг 02 минутад мандлаа, 20 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дани улсад Угсаа залгамжлах хунтайжийн өдөр бол Гүржид Тусгаар тогтнолын, Польшид Ээжүүдийн өдөр.

Энэ өдөр Дани, Америкийн кино найруулагч Уле Борнедаль, Америкийн дуучин Ленни Кравиц, Лорин Хилл, Английн жүжигчин Хелена Бонэм Картер, Америкийн жүжигчин Мэтт Стоун, Италийн хөлбөмбөгч Лука Тони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981 оны энэ өдөр МАХН-ын 18 дугаар Их хурал хуралджээ. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх долоодугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.

1998 оны энэ өдөр Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн “Ю-12” онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгджээ. Эдгээрийн долоо нь 0-4 насны хүүхдүүд байсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1947 оны энэ өдөр ЗСБНХУ-д цаазаар авах ялыг цуцалжээ. Гэхдээ 1950 онд эргүүлэн сэргээсэн билээ.

1966 оны энэ өдөр Гайана Их Британиас тусгаар тогтносон байна.

1980 оны энэ өдөр Унгарын анхны сансрын нисэгч Берталан Фаркаш “Союз-36” хөлгөөр хөөрчээ.

1999 оны энэ өдөр Энэтхэгийн арми Жамму болон Кашмир мужид “Вижай” ажиллагааг эхлүүлжээ. Ийнхүү Каргилийн дайн эхэлсэн байна.

Энэ өдөр үс засуулвал жаргал үргэлжид ирнэ.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top