ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Өнөөдөр 2022.07.01. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 18 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Арменид Прокурорын ажилтны өдөр, Бурундид Тусгаар тогтнолын өдөр, Болгарт Залуучуудын баяр, Канадад Канадын өдөр, Хятадад Коммунист нам байгуулагдсан өдөр, Лесотод Гэр бүлийн баяр, Суринамд Эрх чөлөөний баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Канадын модель Памела Андерсон, Английн жүжигчин Ханна Мюррей, эдийн засгийн Нобелийн шагналт Майрон Шоул, Чехийн сэтгэлзүйч Станислав Гроф зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1877 оны энэ өдөр талбайн теннисний Уимблдон тэмцээн анх удаагаа зохион байгуулагджээ. Тэмцээнд Спенсер Гор түрүүлэв. Тэмцээний тасалбар нэг шиллингийн үнэтэй байжээ.

1890 оны энэ өдөр Англи болон Герман улс Африк тив дэх эзэмшлүүдээ хуваан авав.

1921 оны энэ өдөр Шанхайд Хятадын Коммунист нам үүсгэн байгуулагджээ.

1923 оны энэ өдөр Канадад хятад иргэдийг оруулахыг хориглосон хууль батлагдав. Канадын хятадууд энэ хуулийг “Доромжлолын хууль” гэж нэрлэдэг.

1997 оны энэ өдөр Хонконг дахин Хятадын мэдэлд шилжжээ.

1999 оны энэ өдөр Шотландын парламент 300 жилийн дараа дахин хуралджээ.

Өнөөдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top