ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Өнөөдөр 2022.07.25. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 05 цаг 20 минутад мандлаа, 20 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Пуэрто Рикод Үндсэн хуулийн өдөр, Тунист Бүгд найрамдах улсын өдөр бол ОХУ-д Мөрдөн шалгах албаны, Беларуст Галын албаны өдөр.

Энэ өдөр Америкийн одон орон судлаач, туршилтын нисэгч Дэниел Уилер Бурш, бүх цаг үеийн шилдэг гитарчдын нэг, хөгжмийн зохиолч, дуучин Тёрстон Мур, жүжигчин Мэтт Леблан, Оросын хоккейчин, хаалгач, дэлхийн аварга Евгений Набоков, Андрей Василевский зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

1944 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайны явцад баруун хойд Францыг чөлөөлөх «Кобра» ажиллагаа эхэлжээ.

1947 оны энэ өдөр Прагад Дэлхийн оюутан, залуусын анхдугаар фестиваль эхэлсэн байна.

1957 оны энэ өдөр Тунист хаант засаглалыг халав.

1965 оны энэ өдөр Ньюпортод болсон фестивальд Боб Дилан анх удаа тайзан дээр цахилгаан гитартай гарч иржээ. Фэнүүд нь түүний уран бүтээлийн эрэл хайгуулыг ойлголгүй шүгэлдэж, тайзнаас хөөж байжээ.

1973 оны энэ өдөр Байконур сансрын станцаас Зөвлөлтийн тив хоорондын “Марс-5” станцыг хөөргөв.

1978 оны энэ өдөр Англид хиймлээр үр тогтоосон анхны хүн хорвоод мэндэлжээ.

1984 оны энэ өдөр задгай сансарт анх удаагаа эмэгтэй сансрын нисэгч гарчээ. Тэр бол Светлана Евгеньевна Савицкая байв.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top