ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 07 сарын 29

Өнөөдөр 2022.07.29. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 05 цаг 25 минутад мандлаа, 20 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бар хамгаалах олон улсын өдөр. Тайландад өнөөдөр тай хэлний үндэсний өдөр бол Молдавд Үндсэн хуулийн, Румынд Төрийн дууллын, Украинд Тусгай ажиллагааны хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Лесли Истербрук, Стивен Дорфф, Жош Рэднор, Оросын хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Игорь Крутой, гимнастикч, олимпын таван удаагийн аварга Нелли Ким, Мексикийн жүжигчин, дуучин Тоньо Маури зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1967 оны энэ өдөр Америкийн хит парадыг «The Doors» хамтлагийн «Light My Fire» дуу дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлжээ.

1974 оны энэ өдөр ЗСБНХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны дарга Юрий Владимирович Андропов терроризмтой тэмцэх «Альфа» гэх багийг бий болгожээ.

1979 оны энэ өдөр Аргентин, Их Британи улсууд элчин төлөөлөгчийн түвшинд дипломат харилцаагаа сэргээжээ.

1981 оны энэ өдөр Лондонд Английн хаан ширээ залгамжлагч, ханхүү Чарльз, Диана Спенсер нарын хурим болов.

Өнөөдөр үс засуулвал Нас ахар болно.

Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top