ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 08 сарын 05

Өнөөдөр 2022.08.05. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 05 цаг 34 минутад мандлаа, 20 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Буркина Фасод Тусгаар тогтнолын өдөр бол Хорватад Ялалтын, Иранд Исламын хүний эрхийн өдөр.

Энэ өдөр Бразилын алдарт цохилтот хөгжимчин Аирто Морейра, Оросын жүжигчин Наталья Лапина, Францын улстөрч Марин Ле Пен, Латвийн Ерөнхий сайд асан Валдис Домбровскис, Зөвлөлт, Армяны хөлбөмбөгч Роман Березовский зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын Засгийн Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал нийтлэн илгээжээ.

1967 оны энэ өдөр Энэтхэгт болсон бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Мехико-1968” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат хүрэл медаль хүртэв. Энэ медаль Монголын спортын түүхэн дэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914 оны энэ өдөр АНУ-ын Кливлэндэд дэлхийн анхны цахилгаан гэрлэн дохиог суурилуулжээ.

1924 оны энэ өдөр Туркт олон эхнэр авахыг хориглов.

1939 оны энэ өдөр Халхын голын байлдаанд Оросын нисгэгч Михаил Ююкин дэлхийд анх удаагаа шатаж буй онгоцоор газарт буужээ.

1940 оны энэ өдөр Латви ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон.

1963 оны энэ өдөр Москвад ЗСБНХУ, АНУ болон Их Британийн төлөөлөгч нар агаар, сансар, усан доор цөмийн зэвсэг туршихыг хориглосон гэрээнд гарын үсэг зуржээ.

2016 оны энэ өдөр Рио-де-Жанейрод Зуны XXXI олимп нээлтээ хийжээ.

Өнөөдөр үс засуулвал Нас уртасна.

Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top