ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 09 сарын 14

Өнөөдөр 2022.09.14. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 06 цаг 28 минутад мандлаа, 19 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Төрийн далбааны өдөр, Мексикт Чьяпас муж үүсэн байгуулагдсан өдөр, Никарагуад Сан-Хасинтогийн тулааны ялалтын ойн баяр юм.

Энэ өдөр Францын биатлонч Мартен Фуркад, Японы дуучин Мияви, АНУ-ын дуучин, жүжигчин Эшли Робертс, ОХУ- ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Дмитрий Медведев, Норвегийн “А-Ха” хамтлагийн дуучин Мортен Харкет, Хорватын хөлбөмбөгч Ивица Олич зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1908 оны энэ өдөр их зохиолч Цэндийн Дамдинсүрэн (1908-1986) Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад суманд мэндэлжээ.

1756 оны энэ өдөр Хошой чин ван, эфү Санзайдорж Манжийн хаанд өргөсөн айлтгалдаа Чингүнжавыг шууд баривчилж болохгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1812 оны энэ өдөр Наполеоны цэрэг Москвад оров.

1867 оны энэ өдөр Карл Марксын “Капитал” зохиолын эхний боть хэвлэлтээс гарсан байна.

1929 оны энэ өдөр Украины хөлбөмбөгийн Динамо Киев баг анхны олон улсын тоглолтоо хийжээ.

1960 оны энэ өдөр Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК байгуулагдаж, Ирак, Иран, Кувейт, Саудын Араб, Венесуэл улсууд элсэв.

2002 оны энэ өдөр Вьетнамын Ханойд 6.5 метр өндөр, 30 тонн жинтэй Буддын хөшөөг босгожээ.

Өнөөдөр үс засуулвал Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top