ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 09 сарын 21

Өнөөдөр 2022.09.21. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 06 цаг 37 минутад мандлаа, 18 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр. Улс орнуудаас Польшид Гаалийн өдөр, Армен, Мальтад Тусгаар тогтнолын, Боливд Оюутны өдөр.

Энэ өдөр Францын зохиолч Фредерик Бегбедер, Бразилын жүжигчин Ингра Либерату, Америкийн жүжигчин Рики Лейк, Мэгги Грейс, Мексикийн хөлбөмбөгч Родриго Годинез, Оросын уран сайхны сэлэлтийн тамирчин, олимпын таван удаагийн аварга Светлана Ромашина зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1920 оны энэ өдөр Украинд сургуулиудад украин хэл зааж эхэлжээ.

1964 оны энэ өдөр Мальта Их Британиас тусгаар тогтножээ.

1981 оны энэ өдөр Белиз Их Британиас тусгаар тогтнов.

1991 оны энэ өдөр Арменид бүх нийтийн санал хураалт болж, сонгогчдын 99 хувь нь тусгаар тогтноно гэжээ.

1999 оны энэ өдөр Тайваньд газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн амиа алджээ.

2003 оны энэ өдөр Бархасвадь руу хөөрсөн Galileo сансрын хөлгийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Өнөөдөр үс засуулвал Жаргал үргэлжид ирнэ.

Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top