ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 09 сарын 22

Өнөөдөр 2022.09.22. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 06 цаг 39 минутад мандлаа, 18 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн заан хамгаалах өдөр, мөн Дэлхийн машингүй өдөр. Болгарт өнөөдөр Тусгаар тогтнолын баяр, Латви, Литвад Балтын ард түмний эв нэгдлийн өдөр, Малид Тусгаар тогтнолын өдөр, Украинд партизаны алдрын өдөр, Казахстанд Үндэстний хэлний баяр, АНУ-д Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өдөр юм.

Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч Роналдо, Италийн дуучин Андреа Бочелли, Английн жүжигчин Том Фелтон, АНУ-ын рок дуучин Жоан Жетт, ОХУ-ын олимпын аварга, туялзуур сэлэмчин Павел Колобков зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1757 оны энэ өдөр Хойдын ноён Амарсанаа Орост өвчнөөр нас баржээ.

1792 оны энэ өдөр Францын Бүгд Найрамдах Улс байгуулагджээ.

1862 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн хар арьст боолуудыг чөлөөлж байгаагаа зарлав.

1869 оны энэ өдөр Австрид дэлхийн анхны шуудангийн ил захидал гарчээ.

1995 оны энэ өдөр Time Warner корпорац 7.5 тэрбум ам.доллароор Тед Тернерийн TBS компанийг худалдан авчээ.

1997 оны энэ өдөр Японы X JAPAN хамтлаг тарснаа зарлав.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Сан тавиулах, угаал үйлдэх, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Намрын хугас дунд болох улирал 10 цаг 32 минутад эхэлнэ.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top