ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 10 сарын 07

Өнөөдөр 2022.10.07. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 06 цаг 59 минутад мандлаа, 18 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Лаост Багш нарын өдөр.

Энэ өдөр Их Британийн уран гулгагч, олимпын аварга Жейн Торвилл, Америкийн жүжигчин Дилан Бейкер, дуучин Тони Брэкстон, Японы дуучин, жүжигчин Тома Икүта, Америкийн уран гулгагч, тивийн аварга Жан-Люк Бейкер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1937 оны энэ өдөр Улаанбаатар хот, Засгийн газрын хамтарсан хурлаар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ламжав, Нарийн бичгийн дарга Ширнэн нарыг өөрчилж, Д.Лосолыг хотын орлогч дарга, Дамдинсүрэнг нарийн бичгийн даргаар томилжээ. Д.Ламжавыг “П.Гэндэн, Г.Дэмидийн эсэргүү бүлгэмийн гишүүн” гэсэн хэрэгт хилсээр шийтгэжээ. Түүнийг 1962 онд цагаатгасан байна.

1967 оны энэ өдөр Монголын зурагт, радиогийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэйгээр цацагджээ.

2015 оны энэ өдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1966 оны энэ өдөр ЗСБНХУ-аас бүх хятад оюутныг гаргажээ.

1971 оны энэ өдөр Нью-Йоркт гол дүрд нь Жин Хэкмен тоглосон “The French Connection” киноны нээлт болов. Уг кино дөрвөн Оскар хүртсэн билээ.

1977 оны энэ өдөр ЗСБНХУ-д Брежневийн үндсэн хуулийг батлав.

1988 оны энэ өдөр Ригад 1940 оноос хойш анх удаагаа Латвийн төрийн далбааг өлгөжээ.

1999 оны энэ өдөр Их Британийн эрдэмтэд нарны аймгийн хамгийн хол, хамгийн том 10 дахь гараг оршин байж болох талаар мэдэгдэв.

2001 оны энэ өдөр АНУ Афганистанд цэргийн ажиллагаагаа эхэлжээ.

2004 оны энэ өдөр Камбожийн хаан Нородом Сианук эрүүл мэндийн улмаас хаан ширээнээсээ буужээ. Долоо хоногийн дараа түүний бага хүү хаан ширээнд залрав.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top