Башар Асадыг Арабын орнуудын лигийн дээд хэмжээний уулзалтад урина

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

Саудын Араб Эр Рияд хотноо тавдугаар сарын 19-нд болох Арабын орнуудын лигийн дээд хэмжээний уулзалтад Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг урьж, оролцуулахыг төлөвлөж байна гэж Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бен Фархан Аль Сауд ойрын үед Дамаскт айлчилж, Асадад албан ёсны урилгыг гардуулах аж.

2011 оны арваннэгдүгээр сард Арабын орнуудын лиг Дамаскийн гишүүнчлэлийг түр зогсоосон билээ. Тухайн үед Сирид өрнөсөн дотоодын хямралын үеэр Асадын Засгийн газарт сөрөг хүчинд буулт хийх шаардлага тавьсан лигийн ихэнх гишүүн орнууд татгалзсан хариу авсны дараа элчин сайдуудаа эгүүлэн татаж, Сирийн эсрэг эдийн засгийн бойкот зарласан. Хямралын ид үед Саудын Араб, Катар зэрэг орнууд Сирийн Засгийн газрыг эсэргүүцсэн зэвсэгт бүлэглэлд санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлж байсан юм. Харин сүүлийн үед АНЭУ, Оман, Бахрейн зэрэг улс Дамаск дахь дипломат төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааг сэргээсэн ч АОЛ дэх Сирийн гишүүнчлэлийг сэргээх асуудал маргаантай хэвээр байгаа юм.

Ройтерс агентлаг гуравдугаар сард Саудын Араб, Сири хоёр элчин сайдын яамдаа харилцан нээх тухай тохиролцоонд хүрсэн хэмээн мэдээлж байсан. Гэсэн ч Саудын Арабын Гадаад хэргийн яамны төлөөлөгч энэхүү мэдээллийг няцааж, хоёр улсын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх боломжийг хэлэлцсэн хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top