Их Британи Гайана руу цэргийн хөлөг онгоцоо илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 25

 

Их Британи Гайана руу “HMS Trent” цэргийн хөлөг онгоцоо илгээхээр бэлдэж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.

Венесуэл, Гайана хоёр газрын тос болон ашигт малтмалаар баян Эссекибо бүс нутагтай холбоотой газар нутгийн маргаан дэгдээгээд байгаа билээ. Гайана нь Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн юм. Венесуэл, Гайнагийн хооронд Эссекибо бүс нутгийн төлөөх маргаан XIX зуунаас хойш үргэлжилж байна. Испанийн колоничлолоос тусгаар тогтнохын төлөөх дайны үеэр энэ бүс нутгийн Британийн эзэнт гүрэн хяналтдаа авч, өөрийнх нь эзэмшилд байсан Гайанатай нэгтгэжээ. Эссекибо бүс нутаг нь Эссекибо голын баруун эрэг орчмын 160 мянган кв км нутаг юм. Бүс нутаг нь Гайнагийн нийт нутаг дэвсгэрийн дөрөвний гурван хувийг эзэлдэг.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ сарын 3-нд Венесуэлд Эссекибог нэгтгэх тухай бүх нийтийн санал асуулга явуулж, үр дүнд нь тус улсын ихэнх иргэн энэ асуудлыг дэмжсэн. Санал асуулгын дараа Венесуэл Эссекибо бүс нутгийг өөрийн нэг хэсэг хэмээн заасан хууль баталж, шинэ газрын зураг гаргажээ. Энэ сарын дундуур Николас Мадуро Гайанагийн Ерөнхийлөгч Ирфаан Алитай уулзаж, ямар ч нөхцөл байдалд бие биеийнхээ эсрэг хүч хэрэглэж, заналхийлэхгүйг нотолсон хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Талууд мөн газар нутгийн маргаантай бүс нутагт гарах аливаа асуудлыг шийдэх хамтарсан комисс байгуулах, Бразилд Эссекибо бүс нутгийн талаар хэлэлцэх тухай тохиролцоонд хүрээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top