ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.26. Энэ оны 26 дахь өдөр бөгөөд он дуусахад 339 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандаж, 17 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 24 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын гаалийн ажилтны өдөр, Дэлхийн экологийн боловсролын өдөр. Панамд Инженер, архитекторуудын баяр, Энэтхэгт Улс тунхагласны өдөр, Угандад Эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр “Sony” корпорацыг үүсгэн байгуулагч Акио Морита, АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч Анжела Дэвис, Португалын хөлбөмбөгч, дасгалжуулагч Жозе Моуриньо, “Формула-1”-ийн нисгэгч Серхио Перес зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1788 онд Сидней хотын суурь тавигдав. Тус хот Австрали дахь европчуудын анхны суурин юм.

1905 оны энэ өдөр Өмнөд Африк дахь “Premier” уурхайд 621 гр жинтэй “Куллинан” очир эрдэнэс олдов.

1939 оны энэ өдөр Вашингтон хотод болсон Онолын физикийн бага хурал дээр Нильс Бор цөмийн хуваагдлын нээлтээ танилцуулжээ.

1972 онд Хинтерхермсдорфт “DC 9” онгоц осолдож, 27 хүн амиа алдав. Онгоцны үйлчлэгч Весна Вулович 10 мянга гаруй метрийн өндрөөс шүхэргүй унасан ч амьд үлджээ.

1991 оны энэ өдөр Сомалийн Ерөнхийлөгч Сиад Барре эрх мэдлээ алдаж, танкаар өргөөнөөсөө оргон зугтаж байв.

2020 оны энэ өдөр АНУ-ын Калабаст “S-76” онгоц осолдож, алдарт тамирчин Кобе Брайант амиа алдав.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top