ХДХВ, ДОХ-той хүн эмчилгээндээ жилд 1.5-4 сая төгрөг зарцуулдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 30

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр дэлхий нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулах гэж байна.

НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс танилцуулсан “Иргэдэд эрхийг нь өгье” хэмээх шинэ тайланд дэлхийн хэмжээнд ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 37.9 сая хүн байгаа гэжээ. Үүнээс 24.5 сая /65 хувь/ хүнийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан ба 79 хувийг нь шинжилгээнд, 53 хувийн вирусыг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон талаар дурдсан байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллээр Монгол Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон бөгөөд үүний 38 хувийг илрүүлээд байна. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна. ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.

Монголд ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94.919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна. ХДХВ, ДОХ-той нэг хүний жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-4 сая төгрөг зарцуулдаг. Тухайлбал ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх РВЭЭ болон бусад эмийн зардалд жилд 2.5-3 сая төгрөг зарцуулдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top