БНХАУ-аас галт тэргээр ирсэн ОРЧУУЛАГЧ ЭМЭГТЭЙГ тусгаарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн өнөөдрийн галт тэргээр ирсэн нэг эмэгтэйг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаад байна. Учир нь Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн гал тэргэнд явсан БНХАУ-ын найман иргэнийг Эрээн хотын эмнэлэг хяналтдаа авч, нэг иргэнээс коронавирусийн халдвар илрээд буй юм. Иймд ХӨСҮТ-ийн эмч нар дээрх чиглэлийн галт тэргэнд үзлэг хийж, коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг эмэгтэйг ХӨСҮТ-д авчирсан байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Бээжин-Улаанбаатар, Москва чиглэлийн гал тэргэнд өнөөдөр 16:50 цагт ХӨСҮТ-ийн баг үзлэг хийсэн. Тус чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан найман иргэнийг Эрээн хотод авч үлдсэн байна. Тэдэнтэй хамт нэг галт тэргэнд явсан орчуулагч нэг эмэгтэйг ХӨСҮТ-д авчирсан. Халдвар авсан байж болзошгүй тул урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлаад байна.

Мөн дээрх Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн галт тэргэн зорчиж ирсэн 16 хүн өөрсдөө манайд хандаж, урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ өгсөн. Бид эдгээр хүмүүсийг үзээд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй учраас гэрт нь буцаасан. Нөгөөтээгүүр дээрх иргэд нь халдвар тархаж буй бүс нутгаас ирээгүй байна” гэлээ.

Дээрх 16 иргэн нь коронавирусийн халдвар авсан БНХАУ-ын иргэнтэй нэг гал тэргэнд хамт зорчоогүй гэдгийг ХӨСҮТ онцоллоо. Одоо нэг эмэгтэйг ХӨСҮТ хяналтдаа аваад байна.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олон улсын галт тэргэнд зорчиж явсан Монгол Улсын 18 иргэн, Тайландын дөрвөн иргэн, нийт 22 иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, тусгаарласан гэдэг мэдээллийг өгөөд байна. 
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ УНШИХ
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top