СУРВАЛЖИЛГА: Хятад, Монголын хилээр өдөрт 1000 гаруй иргэн зорчдог

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Хятад даяар тархаад буй коронавирусийн халдвар авсан хүний тоо 600 давж, амь насаа алдсан хүний тоо 17-д хүрлээ. Манай сурвалжлах баг өмнөх дугаартаа  “Буянт-Ухаа” олон улсын агаарын замын боомтод хяналт, шалгалт хэрхэн явагдаж байгааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас сурвалжлан хүргэсэн. Тэгвэл өчигдөр /2020.01.23/ Төмөр замын вокзал, тээврийн үйлчилгээнд халдвараас хамгаалах ажил хэр түвшинд байгааг сурвалжиллаа.


Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар- Замын-Үүдийн чиглэлд өдөр бүр 27 галт тэрэг явдаг бөгөөд 1200 гаруй иргэд ирж, буцдаг байна. Харин Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Хөх хотын чиглэлд долоо хоногт дөрвөн удаа галт тэрэг явдаг бөгөөд 400 гаруй иргэд зорчдог аж.

Замын-Үүдээс ирсэн галт тэрэг Улаанбаатар хотод 08:45 минутад ирэв. Галт тэрэгнээс бууж байгаа иргэдэд ямар ч хяналт шалгалт байхгүй байлаа. Харин коронавирусийн халдвартай холбоотойгоор зөвлөмж, мэдээллийг чанга яригчаар зарлаж байв. Галт тэрэгнээс буусан хүмүүс чанга яригчаар хэн, юу ярьж байгааг хэн ч үл анзаарна. Үүнээс харахад зөвлөмж, мэдээлэл хүргэх ажил хангалтгүй байгаа харагдсан.

Төмөр замын тээвэрт коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор хэрхэн хяналт тавьж байгааг Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвийн дарга Х.Байгальмаагаас тодруулав. 

Тэрбээр “Коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотой Төмөр замын эмнэлэгтэй хамтран зорчигчдод өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг гарган чанга яригчаар тусгай давтамжтайгаар зарлан мэдээлж байна. Мөн тасалбар худалдаалах цонхоор дамжуулан тараах материал өгч байна. Зорчигчийн заал болон хүлээлгийн заал, цайны газар гээд хөл хөдөлгөөнд дарагддаг газруудад халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж байна. Галт тэргээр ирж байгаа иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл тусгайлан өөр галт тэргээр тээвэрлэх, тандалт, шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. БНХАУ-ын цагаан сарын баяртай холбоотойгоор тус улсын иргэд манай улсад зорчин ирэх тохиолдол бага байна” гэсэн юм.

БНХАУ-ын Ухань хот хөл хорио тогтоож, гадагшаа чиглэлтэй нислэг болон автобуснуудыг бүрэн зогсоосон бол АНУ БНХАУ-ын Ухань хотоос ирэх бүх нислэгийн чиглэлийг нь өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн улс орнууд коронавирусийн тархалтыг зогсоохоор хил, гаалиа чангатгаад байна.

Харин дэлхий нийтийг айдаст автуулаад буй вирусийн голомт болох БНХАУ-аас Монгол Улсын хилээр өдөр бүр 1000 гаруй иргэд орж, гарч байна. Өчигдөр л гэхэд коронавирусээр халдварласан байз болзошгүй сэжигтэй хоёр иргэн орж ирсэн нь тогтоогдсон. Тэд Өвөрмонголын иргэд бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрчээ. Автобусанд 17 иргэн зорчиж явсан бөгөөд коронавирусээр халдварласан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул тухайн иргэдийг тусгаарлаж, тандалт хийн шинжилгээний хариуг хүлээж байна гэсэн мэдээллийг эрүүл мэндийн яамнаас өглөө.

 

КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХОЁР ИРГЭНИЙГ НУТАГ БУЦААЖ, ХАМТ ЗОРЧСОН ИРГЭДИЙГ ТУСГААРЛАВ
 

Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан зургаан настай охины бие халуурч, шинэ төрлийн вирус байж болзошгүй шинж ажиглагдсан тул ээжийнх нь хамт тусгаарлан шинжилгээ авч нутаг буцаасан байна.


Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Замын-Үүд боомтоор коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Улсын хэмжээнд короновирус бүртгэгдээгүй. БНХАУ-аас Монгол Улс руу ирж буй ээж хүүхэд хоёрыг шалгасан. Ээж нь толгой өвдсөн, зургаан настай хүүхэд нь халуунтай шинж тэмдэг илэрсэн. Ээж хүү хоёрыг одоогоор тусгаарлаад байна. Мөн хилийн хяналтыг чангаруулсан байгаа. Тодорхой өвчлөл гарч буй орноос зорчиж ирсэн гэдэг утгаар хүмүүсийн халууныг үзэж халуурсан бүлээрсэн шинж тэмдэггүй хүнийг хилээр нэвтрүүлж байна. Ерөнхийдөө коронавирусийн  сэжигтэй үндсэн гурван шинж тэмдэг илэрнэ. Өндөр халуурах, ханиалгах,  амьсгалахад хүнд болох. Ямар хүмүүс өвдөж байна вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагад хожимдож хандсан, архаг суурь өвчтэй дархлаа суларсан хүмүүст хүндээр тусч байна. Тиймээс дархлаагаа дэмжих хэрэгтэй.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Шинжилгээний хариу Улаанбаатарт өнөөдөр хүргэгдэж, маргааш /өнөөдөр/ гарна. Ээж охин хоёр Өвөр Монголоос Монгол Улс руу нэвтрэх гэж байсныг саатуулж, нутаг буцаахаар болсон. Сэжигтэй тохиолдол илэрсэн ээж охин хоёр Хятадын цагаан сараас өмнө амьдарч байсан газар луугаа буцах гэж байсан юм билээ. Монгол Улс дунд зэргийн эрсдэлтэй байгаа нь амьсгалын замаар халдварладаг, эмнэлгийн ажилтанд нөлөөлсөн, томуугийн өвчтэй төстэй. Дархлаагаа дэмжвэл энэ халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.

-Коронавирусээс урьдчилан сэргий­лэхэд хилээ хаах шаардлагатай гэдгийг иргэд хэлж байна. Хилээ хаах боломжтой юу?

-Хил хаах тохиолдол маш ховор. Тухайн орон нутагт эрүүл мэндийн ноцтой тохиолдол гарсан үед хаана.  Шинжилгээний дүн, нөхцөл байдлыг харзнаж эхний ээлжинд хил хаахгүй, хяналтыг сайжруулна.

-Эрүүл мэндийн яамны зүгээс бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээг цаг алдалгүй авч байна. Эрсдэлийн үнэлгээг тухай бүрт нь хийж байна. Улсын хэмжээнд томуу болон халдварын тандалт хийх зорилгоор Халдварт өвчин судлалын төв, Зоонозын шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаад хэргийн яамтай хамтран ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол  хүн бүр гараа савандаж угаах, амны хаалт тогтмол хэрэглэх нь чухал. Иймд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт хүн бүр амны хаалт зүүхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (66.181.187.157) 2020 оны 01 сарын 24

Ter huudasan deer humuus unen zuv buglun gej uu huudas bugluuleh , changa yarigchaat zarlah geh met arai denduu hotsrogdtson huu negdliin yeiin arga bishu bid 2020 ond amidarch bgashde alsiin zainaas bieiin haluuniig uzdeg tuhuurumj bdaggumu Iim ineedemtei arga heregleh ni emgeneltei yuma buhel buten uls baij irgedee iimerhuu baidaltai hamgaalah ch gjde bid uurdduu l naidah ni amind ulziitei yum bn

0  |  0
Top