Дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусын талаар Эрүүл мэндийн яамны НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар нарын мэргэжилтнүүд яг одоо мэдээлэл хийж байна.
Б.Цогтбаатар нөхцөл байдлыг танилцуулахдаа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Эрүүл мэндийн олон улсын дүрмийн дагуу шуурхай хорооныхоо хурлыг хийсэн. Шинэ коронавирусын өвчлөлийн өнөөгийн байдал нь олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үзэхгүй гэж зарласан. Маш олон хүчин зүйлийг тооцож хэлэлцсэний үндсэн дээр энэ дүгнэлтэд хүрсэн. Хятад улсаас гадна бусад улсад гарсан тохиолдлын тоо цөөн, нөхцөл байдлыг хяналтдаа авахаар чармайж буй Хятадын зүтгэлийг үнэлж ингэж дүгнэсэн байна.
ДЭМБ-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар өвчилсөн хүний тоо 584. Үүнээс 17 нас баралттай. Нас барсан 17 хүн чихрийн шижин, артерийн даралт ихсэх, зүрх судалсны архаг өвчлөлттэй 40-өөс дээш настай хүмүүс байсан.
Монгол Улсын хувьд халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр /2020.01.23/ Замын-Үүд боомтоор автобусаар орж ирсэн хоёр тохиолдол үгүйсгэгдсэн. Гэсэн ч бид Эрээн рүү буцаасан. Мөн Хятадад сэжиглэгдсэн найман тохиолдлын нэгэнтэй нь вагонд хамт байсан гэх сэжигтэй тохиолдлыг тандалтын шугамаар илрүүлж, тусгаарласан. Хүний биеийн байдал хэвийн байгаа. Шинжилгээний хариу хүлээж байна. Үндсэндээ бид ажил урьдчилан сэргийлэх арга хэмжээг журмын дагуу авч байна.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны гол тактик бол дунд зэргийн эрсдэлтэй гэж үзсэн учраас урьдчилан сэргийлэх, хил гаалийнхаа тандалтыг тогтмол чанартай хийж ажиллах явдал. Мөн болзошгүй эрсдэлд бэлэн байх, оношлох болон эмчлэх чадавхаа бэлтгэн ажиллаж байна. Хятадад хүнээс хүнд халдвар дамжиж байгаа нь тогтоогдсон. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалж байгаагаа илэрхийлж байгаа. Дандаа өвчтэй хүмүүстэй харьцаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд халдвар авсан нь тогтоогдсон” хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
KHILEE KHESEG KHUGATSAAND KHAAKH NI ZUW DUU