Коронавирус: Амиа алдагсдын тоо 41 болж, европ тивд анхны тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

БНХАУ-ын Үндэсний эрүүлийг хамгаалах хорооноос гаргасан сүүлийн үеийн мэдээллээр титэмт вирус буюу коронавирусээр үүсгэгдсэн халдварын улмаас амиа алдсан хүний тоо 41 болж өссөн тухай мэдээллээ.

Амиа алдагсдын дийлэнх нь Ухань хотод бүртгэгдсэн бол халдварын голомтоос өөр газарт буюу Хэбэй мужид болон Манжуурт тус бүр нэг өвчтөн амиа алдсан байна. Ердөө 24 цагийн дотор амиа алдагсдын тоо нэг дахин өссөнөөс 11 нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй өвчтөн байгаа аж.

Халдвар эрчимтэй тархаж эхэлснээс хойш амиа алдагсдын дийлэнх нь ахмад настнууд байсан бол 36 настай эр өчигдөр амиа алдсан нь эмч нарын анхаарлыг татаж байгаа юм. Одоогоор хавсарсан хууч өвчин байсан болон өвчтөний талаарх мэдээлэл тодорхой болоогүй байна.

БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна европ тивд анхны тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Франц улсад гурван тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Парис, нэг нь Бордо хотын харьяат иргэд бөгөөд тэд бүгд БНХАУ-д аялж байгаад эх нутагтаа ирээд байсан аж. Түүнчлэн АНУ болон Япон, Өмнөд Солонгост тус бүр нэг тохиолдол шинээр бүртгэгдээд байна. АНУ-ын тухайд өөр бусад дөрвөн мужид сэжигтэй тохиолдол бүртгэгдэж эмч нарын хяналтад орсон тухай мэдээллээ.

Хятадын нутаг болон тухайн нутаг дэвсгэрээс гадна коронавирусын 1138 тохиолдол бүртгэгдэж, 41 хүн амь насаа алдаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bbb(66.181.166.154) 2020 оны 01 сарын 27

нийтийн тээвэр, хот хоорондын автобус, халтар таксинуудаа ариутгал цэвэрлэгээнд хэзээ оруулах вэ

3  |  0
Top