ЭМЯ | Халдвар нэмж илрээгүй, гурван хүн эдгэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын ээлжит мэдээллийн үеэр халдвар нэмж илрээгүй, харин гурван хүн эдгэрсэн тухай мэдээллээ.

Эдгэсэн гурван хүн нь 22-31 насны энхийг сахиулагчид байжээ.

Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан хотын салбар лабораторид нийт 750 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй аж.

“Тухайлбал долоодугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирсэн 156, долоодугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлээр ирсэн 78, наймдугаар сарын 09-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлээр ирсэн 253 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Түүнчлэн Орхон аймагт тусгаарлагдсан 77, Дархан хотод тусгаарлагдсан 58, Алтанбулгийн боомтоор ирсэн 22 жолооч мөн коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусний батлагдсан 298 тохиолдол байгаагаас 281 нь эдгэжээ. Харин ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж буй бөгөөд хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2800 гр охинтой болжээ.

Top