АНУ-ын тагнуулын албаныхан Ухань хот болон Хубэй мужийн эрх баригчид шинэ төрлийн коронавирусний тархалтын аюулын талаарх мэдээллийг Хятадын төв Засгийн газраас нуусан гэж үзэж байна. Энэ талаарх албан ёсны илтгэлийг өнгөрсөн зургаадугаар сард танилцуулсан гэж “The New York Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ. Илтгэлд АНУ-ын Тагнуулын төв газар болон тагнуулын бусад албаны мэдээллийг тусгасан байна. Тэдний үзэж буйгаар, орон нутгийн эрх баригчид хэдэн долоо хоногийн туршид вирусний халдварын аюулын талаар Бээжинд мэдээлэлгүй нуусан аж. Тэд шийтгэлээс эмээсэн байж болзошгүй гэж Америкийн тагнуулын алба үзжээ. Ингэхдээ Бээжин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ нуун дарагдуулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж тэд үзэж байгаа ч гол хариуцлага орон нутгийн эрх баригчдад ногдоно гэж илтгэлд дурджээ. Илтгэлд дурдсан мэдээллийн хүрээнд АНУ-ын эрх баригчид Хятадын талаар баримталж буй бодлогоо зөөлрүүлэх боломжтой гэж сонин дурджээ.
Коронавирусний цар тахал дэгдсэнтэй зэрэгцэн Вашингтон, Бээжингийн сөргөлдөөн хурцдаж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ цар тахал дэгдсэний хариуцлагыг хүлээх ёстой гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Вашингтон вирусний гарал үүсэл болон халдварын тархалтын цар хүрээний талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж Бээжинг буруутгадаг. Үүний хариуд Хятадын тал коронавирусний талаарх бүхий л мэдээллийг ил тод, цаг тухайд нь дамжуулсан гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )