КОВИД-19 эмчилгээнд эдгэрсэн өвчтөнүүдийн цусны сийвэнг ашиглахыг зөвшөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

АНУ-ын эрх баригчид КОВИД-19 эмчилгээнд коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг ашиглах зөвшөөрөл олгожээ. Хэдийгээр эмчилгээний энэ арга КОВИД-19 халдварыг эмчлэхэд үр дүнтэй эсэхийг нь баталсан эмнэлзүйн судалгаа хийгдээгүй ч халдварыг даван дийлсэн хүмүүсийн цусны сийвэн эсрэг биетээр баялаг аж. Цусны сийвэнг XIX зууны сүүл үеэс эхлэн эмчилгээнд өргөнөөр ашиглаж эхэлсэн бөгөөд КОВИД-19 өвчтөнүүдэд энэ аргыг ашиглаж байна.

АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газраас цусны сийвэн ашиглах түр зөвшөөрөл олгох шийдвэрт дурдсанаар, одоогийн байдлаар 70 мянга гаруй өвчтөнд энэ аргыг хэрэглэсэн бөгөөд сөрөг нөлөө илрээгүй байна. Ингэхдээ тус газар цусны сийвэнгийн эмчилгээний үр дүнг тогтоохын тулд эмнэлзүйн цогц туршилт шаардлагатай гэж онцолжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-д нийт 5.71 сая гаруй хүн халдвар авснаас 176 мянга гаруй хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top