Хонконгт коронавирусээр дахин халдварласан тохиолдол бүртгэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Хонконгт коронавирусээр дахин халдварласан тохиолдол гарлаа гэж Хонконгийн их сургуулийн судлаачид мэдээлжээ.

Мэдээллийн технологийн салбарт ажилладаг 33 настай өвчтөн дөрөвдүгээр сард халдвар авч, эдгэрсэн бөгөөд Испаниас энэ сарын эхээр буцаж ирэхдээ өгсөн шинжилгээний хариу дахин эерэг гарсан байна. Эхэндээ эмч нар өвчтөн дахин халдвар авсан эсвэл вирус өнгөрсөн хугацаанд түүний биед байсаар ирснийг тогтоож чадаагүй байна. Судалгаа хийсний дүнд вирусний төрөл нь тэс өөр болох нь тогтоогджээ.

КОВИД-19 өвчтөнүүдэд эсрэг биет бий болж, дахин халдвар авахаас сэргийлэх дархлаа суусан гэж үздэг. Гэтэл зарим өвчтөнүүдэд бий болсон эсрэг биет хэдэн сарын дараа буурдаг болохыг баталсан нотолгоо бий гэж эрдэмтэд мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 23.4 сая гаруй хүн халдвар авснаас 810 мянга гаруй хүн нас бараад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top