ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Коронавирусний халдвар 216 улс оронд бүртгэгдэж, 24 173 мянган хүн өвчилж, 828 мянган хүн энджээ. Өнгөрсөн хугацаанд 17 сая гаруй хүн эдгэрчээ. Энэ долоо хоногт халдвар авсан хүний тоо нэг саяар нэмэгдэв. Ази, Европт халдвар голомтлон гарч, нэмэгдэх төлөвтэй. ДЭМБ улс орнуудад олон нийтийн арга хэмжээг эрсдэлийн үнэлгээнд суурилан авч үзэж, зохион байгуулах шаардлагатайг анхааруулжээ. Дэлхий нийтэд цар тахалтай холбоотой сэтгэцийн өөрчлөлт нэмэгдэх хандлагатай байна. Иймээс сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
24 цагийн хугацаанд ОХУ 4711 шинэ тохиолдол бүртгэгдэж, 121 хүн нас баржээ. БНХАУ-д 30 шинэ, ес нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Японд 865 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн энджээ. БНСУ-д 371 шинэ, 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрөөс тус улсад парламентын үйл ажиллагааг зогсоож байна.
Европт өвчин голомтлон гарч байгаатай холбогдуулан амны хаалт хэрэглэхийг үүрэгжүүлж байна. Парист амны хаалт зүүгээгүй тохиолдолд торгууль тавих бол Испанид зургаагаас дээш насны бүх хүүхэд, том хүн амны хаалт зүүх ёстой. Монголд 269 шинээр хяналтад орж, 254 хүн хяналтаас гарчээ. Тэдэнд 38 их эмч, 100 резидент эмч тусламж үзүүлж байна.
Өчигдөр 471 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар 301 тохиолдол батлагдаж, 291 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Гэрийн ажиглалтад 25 хүн байгаа бол ажиглалтаас гарсан 223 хүн байна.
Сэтгэгдэл ( 0 )