Европын орнуудаас хамгийн түрүүнд ковидийн халдварын тохиолдол сая давсан Испанид цар тахлын байдал тун хүнд байгаа. Бүх нийтийн хөл хорио тогтоохоор эдийн засаг сүйрэх гээд байгаа тул Засгийн газраас шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байна.
Испанийн гандболын лигт коронавирусний халдвар голомтлон гарч байгаа тул лигийн ээлжит тойргийн есөн тоглолтоос дөнгөж гурав нь явагдлаа. Лигийн тэмцээнийг цуцлах, хойшлуулахад эдийн засгийн хохиролтой. Ингээд тамирчдыг масктай тоглуулах шийдвэр гаргажээ.
“Адемар Леон”, “Синфин” багуудын тоглолтод тамирчид амны хаалттай тоглож, түүхэнд бичигдсэн. Гэвч маск тус болсонгүй. Тоглолтын дараахь шинжилгээгээр “Адемар Леон” багийн хэд хэдэн тоглогчоос коронавирусний халдвар илэрч, багаараа тусгаарлагдсан байна. Халдвар авсан тоглогчдын нэрийг зарласангүй.
“Адемар” багийн дасгалжуулагч Маноло Каденас энэ талаар сэтгүүлчдэд “Орон нутгийн Эрүүлийг хамгаалах байгууллагын энэ шийдвэрийг бид тоглолтоос нэг хоногийн өмнө мэдсэн. Жинхэнэ тэнэг шийдвэр байлаа. Гандбол шиг хурдтай спортын төрөлд амны хаалт тамирчдын эрүүл мэндийг хамгаалж чадахгүй. Харин ч эсрэгээрээ амьсгалахад хүндрэлтэй, маск нь байнга доош буугаад засах гэж тун хэцүү байгаа нь харагдсан” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )