Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн болох Унгарын Их Дуулга тэмцээн өнөөдөр эхлэж байна. Цар тахлын хөл хорионы улмаас олон сар завсарласан их жүдо эргэн ирж байгаа нь энэ юм. Европт коронавирусний халдварын хоёр дахь давалгаа ирж, олон улс орон хатуу чанга карантины дэглэмд эргэн шилжиж байгаа үед энэ тэмцээн явагдаж байна. Зарим орон аюулгүй байдлын улмаас тамирчдаа илгээгүй ч "Токио 2021" зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг тул олимпын оноо цуглуулахын тулд оролцохоос өөр аргагүй олон тамирчин бий.
Ингээд Унгарын Их Дуулга тэмцээнд ариутгал, эрүүл мэнд хамгааллын ямар арга хэмжээ авахыг танилцуулья. Энэ дүрмийг зөрчсөн тамирчин, албаны хүмүүсийг тэмцээнээс хасна гэдгээ зохион байгуулагчид зарласан билээ.
Баг болгон ковид хариуцсан менежертэй байна. Унгарт нисэх онгоцны буудал дээр буухдаа 48 цагийн хугацаанд өгсөн коронавирусний шинжилгээний 2 сөрөг хариуг үзүүлнэ. Энэ шинжилгээг Унгарт буухаас 5 хоногийн дотор өгсөн байх шаардлагатай. Хариуг англи, унгар хэлэнд албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулсан байх шаардлагатай.
Зочид буудалд ирээд багийн ахлагч бүртгүүлэх хүртэл бүгд машинаас гарахгүй хүлээнэ. Өрөөний түлхүүрээ авсан хойноо л буудалд орж болно. Өрөөндөө ороод коронавирусний анхны шинжилгээ өгтөл гарч болохгүй. Энэ шинжилгээний хариу гартал өөр хүнтэй уулзаж, харилцаж болохгүй.
Зочид буудалд ирж, шинжилгээ өгөхөөс 4 цагийн өмнө:
• Хоол идэхгүй!
• Чихэр, бохь хэрэглэхгүй!
• Уухгүй (ус ч гэсэн)!
• Тамхи татахгүй!
• Шүдээ угааж, цэвэрлэхгүй!
Хэрэв энэ дүрмийг зөрчсөн нь илэрвэл дахин 4 цагийн дараа шинжилгээ авна.
Эхний шинжилгээний хариу 12 цагийн дараа гарах бөгөөд сөрөг хариу авсны дараа л өрөөнөөсөө гарч болно. Энэ хооронд хоол, ундаар үйлчилнэ. Сөрөг хариу гарсан тамирчдад тэмцээнд оролцох эрх олгоно.
Хоёр дахь шинжилгээг барилдахаас нэг хоногийн өмнө буюу жин үзэх өдрийн өглөө нь тамирчны өрөөнд авна. Энэ удаад хариуг хүлээлгүй өрөөнөөс гарч болно.
Шинжилгээнд ороогүй тамирчныг тэмцээнээс хасна. Халуурсан, ханиалгасан, шинж тэмдэг илэрсэн тамирчин ковид менежертээ мэдэгдээгүй бол сахилгын арга хэмжээ авна.
Шинжилгээний хариу эерэг гарсан тамирчныг буудалд нь 10 хоногийн карантинд оруулна. Хоёр дараалан сөрөг хариу гарсан тохиолдолд л карантинаас гаргах юм. Энэ зардлыг тухайн улсын баг өөрөө хариуцна.
Зоогийн газарт ширээг аюулгүй зайд байрлуулсан байгаа. Тамирчид ширээндээ сууж, хоол идэхээс бусад үед амны хаалттай байх ёстой.
Барилдаан болгоны дараа жүдочдын жүдогиг ариутгалд оруулна.
Жин үзэлт дээр амны хаалттай байж, зайгаа барих шаардлагатай. Шагнал гардуулах ёслол, ярилцлага дээр амны хаалт зүүнэ.
Амны хаалт маск нь гар хийцийн, шүүлтүүртэй, Лого тэмдэгтэй байж болохгүй.
Тэмцээний бүст байх, хоол идэхээс бусад үед амны хаалттай байна. Татами дээр бие халаалт хийхэд заавал маск зүүх шаардлагагүй.
Сэтгэгдэл ( 1 )
Их жүдо эргэн ирлээ ч гэх ямар пялдага юм бичдэг юм бэ, хөлбөмбөг, сагс мэтийн их спортуудын дэргэж жүдо чинь зааны дэргэд ялаа л гэсэн үг ш дээ, ямар юмных их жүдо байх вэ дээ