Хотод гацсан иргэдийг PCR шинжилгээ авсны дараа буцаана

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.21/ хуралдсан байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Онцгой нөхцөлд ажиллаж байгаа 11 салбарын 13 чиглэлийн ажилчдад нийтийн тээвэр энгийн горимоор үйлчлэхээр боллоо. Мөн тэд хувийн авто машинаараа ажилдаа ирж, очих нь нээлттэй болж байна. Хоёрдугаарт, хүнсний хангамжийн түгээлтийг 07:00 - 17:00 цагийн хооронд явуулахаар болсон. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горимд шилжих, хумьж чадахгүй бол шат дараатай энгийн горимд шилжих зэрэг хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна" гэлээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн Улаанбаатарт ирээд хорионд орсон иргэдийг орон нутагт буцаах асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр “Олон өргөдөл авч байна. Шийдвэрлэхээс аргагүй олон зүйл байна. Хөдөө, орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн гэж үзэж байгаа. Орон нутагт эдгээр хүний хөл хориог хэдий хугацаанд барих баталгааг бидэнд өгөх вэ гэдэг дээр Онцгой комисст асуудал тавьж байгаа. Энэ шийдэгдвэл Улаанбаатарт байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсны дараа орон нутаг руу нь буцааж болно” гэлээ.
 

Top