ОХУ-ын уран гулгалтын тамирчид халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Энэ сарын 5-нд Москвад уран гулгалтын ОХУ-ын Цом тэмцээн эхлэх гэж байна. Харамсалтай нь уран гулгалтын тамирчид сүүлийн хэд хоногт олноор ковидийн халдвар авч, Цомын тэмцээнд оролцож чадахгүй болоод байна.

Халдвар авсан тамирчдаас алдартайг нь дурдвал дэлхийн хошой аварга Женя Медведева, Европын аварга Алена Косторная, 2015 оны дэлхийн аварга Елизавета Туктамышева, Европын аварга Дмитрий Алиев нар байна. Харин Михаил Коляда, Анастасия Гулякова хоёр коронавирус тусахаас сэргийлэн, ОХУ-ын Цомын тэмцээнд оролцохгүй гэдгээ зарлалаа. Учир нь 11 дүгээр сарын 20-22-нд Москвад явагдсан уран гулгалтын ОХУ-ын Гран При тэмцээний үеэр халдвар голомтлон тарсан байх магадлалтай байгаа юм.

Тус тэмцээнийг сурвалжилсан АНУ-ын сэтгүүлч Филипп Херш “Цар тахлын үед аюулгүй байдлын ямар ч арга хэмжээ аваагүй тэмцээн байлаа. Үзэгчтэйгээс гадна тамирчид зайгаа барихгүй, амны хаалтгүй, чөлөөтэй тэврэлдэн, үнсэлцэж байсан. Би Олон улсын холбоонд гомдол гаргана” гэж хэлсэн бол Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский “Халдварын эсрэг наад захын арга хэмжээ аваагүй энэ тэмцээнийг Нэгдүгээр сувгаар гаргасан нь том алдаа байлаа. Тамирчид, дасгалжуулагч нар амны хаалтгүй, үнсэлцэж байгааг ард түмэнд дэлгэцээр харуулсан нь буруу үлгэр дуурайл боллоо. Энэ телевизэд арга хэмжээ авах хэрэгтэй” гэж шүүмжилж байв.

Гран При тэмцээнд оролцсон Елизавета Туктамышева, Алена Косторная, Дмитрий Алиев нар халдвар авсан нь ч тохиолдлын хэрэг биш бололтой.

Төрийн Думын депутат, олимпын олон удаагийн аварга Ирина Роднина “Гаран При тэмцээний дараа том хүлээн авалт зохион байгуулж, тамирчдыг оролцуулсан нь хөл хорионы дэглэм зөрчсөн хэрэг. Ямар ч хариуцлага алга. Гадаад орнуудад ийм зөрчил гаргавал их хэмжээний торгууль оноодог бол манайд зүгээр өнгөрсөн. Елизавета Туктамышева тэр хүлээн авалт дээр халдвар авсан байх магадлалтай” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TNT(202.126.89.203) 2020 оны 12 сарын 04

eeesh fizda ymaa \n

0  |  1
Top