ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.17/ ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт нийт 10599 шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ. Бүх тохиолдол Улаанбаатарт илэрчээ. Гурав нь тусгаарлалтад байсан хүн бол хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан хүмүүс байна. Одоо хавьтлыг тогтоон, гэрт нь тусгаарлан, тандалт шинжилгээ хийж эхэлжээ.
"Баянзүрх дүүрэг эмнэлэгт хэвтэж байсан хоёр хүнээс халдвар илэрлээ. ЭМЯ-наас өчигдөр хавьтлыг тогтоож ажиллалаа. Тэд Б корпус буюу Насанд хүрэгчдийн тасагт эмчлүүлж байсан. Өрөөндөө дөрвүүлээ байсан. Нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 17-нд гарсан байсан. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд хэвтэж, 16-нд халуурч, дахин шинжилгээ авснаар илэрсэн. Тэдний маршрутыг тогтоосон. Нэг нь гэртээ байсан, гадуур яваагүй. Нөгөө хүн нь эмнэлэгтээ хэвтэж байсан. Ойрын хавьтлуудыг тусгаарласан” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.