КОВИД-19: Нас барах эрсдэлийг 4 дахин нэмэгдүүлдэг хүчин зүйлийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Удаан алхдаг хүмүүс хурдан алхахыг илүүд үздэг хүмүүсийг бодвол коронавирусний халдвараар нас барах эрсдэл нь дөрөв дахин их байдаг болохыг Лестерийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулжээ.

Судлаачид Их Британийн 40-69 насны хагас сая иргэний эрүүл мэндийн болон генийн мэдээллийн сангаас 412 мянган хүний мэдээллийг шинжилжээ. Ингэхдээ тэд КОВИД-19, жин, алхааны хурд хоорондын холбоог судалсан байна.

Судалгаагаар коронавирусний халдварын улмаас удаан алхаатай хүмүүс 3.75 дахин их нас барсан байна. Түүнчлэн, хэвийн жинтэй удаан алхаатай хүмүүс халдварын хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл жингийн илүүдэлтэй ч түргэн алхаатай хүмүүсээс 2.5 дахин их байжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар, түргэн алхаатай хүмүүсийн зүрх, судасны тогтолцоо илүү эрүүл байдаг нь КОВИД-19 өвчний явцад нөлөөлдөг байж болзошгүй. Гэхдээ судалгааны дүнгийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна гэж судлаачид дурджээ.

 

Top