Швед, Британийн хамтарсан “AstraZeneca” компанийн вакцин зөвхөн цусны бүлэгнэлт үүсгэдэг төдийгүй цус алдалтад хүргэдэг байж болзошгүй гэж Шведийн ерөнхий халдвар судлаач Андерс Тегнелл мэдэгджээ.
Түүний хэлснээр, цусны бүлэгнэлтийн тогтолцоо нь ноцтой гэмтсэн шинж тэмдэгтэй бүлэг хүмүүс бий болжээ. Ийм шинж тэмдэг вакцин хийлгэснээс хойш нэг, хоёр долоо хоногийн дараа илэрч байгаа бөгөөд одоогоор Европт 10-15 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нөлөө залуу хүмүүсийн дунд илүүтэй илэрч байгаа бөгөөд вакцинтай холбоотой эсэхийг тогтоож чадаагүй байна гэж Тегнелл онцолжээ.
Халдварын судлаачийн үзэж буйгаар, эл гаж нөлөө ноцтой тул Швед улс “AstraZeneca” компанийн вакцины хэрэглээг түр зогсоохоос өөр аргагүйд хүрсэн аж.
Тус компанийн вакцины хэрэглээг түр зогсоосон орнуудын тоо нэмэгдэж байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалж байгаа билээ.