Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн санаачлагаар Баянзүрх дүүргийн 20р хорооны Ерөнхий боловсролын 85-р сургууль дээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг Монголын Тусгай Олимпын Хорооны /МТОХ/ захирал Б.Алтанцэцэг, 85-р сургуулийн захирал Н. Дулмаа нар хийлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн багш нар, БЗД-ийн 20-р хорооны ажилтнууд, БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн хамт олонд МТОХ-ноос зохион байгуулсан онолын сургалт, эрүүл мэндийн хөтөлбөрүүд, Тусгай Олимпийн хөтөлбөрт багтах бочи спортын талаарх танилцуулах сургалтыг тус тус эхлүүлсэн бөгөөд шаардлагатай зарим спорт хэрэглэлүүдээр хангасан.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломжийг олгож, хүүхэд багачуудад спортыг таниулах, дасгал, хөгжөөнт тоглоомын аргачлалуудыг танилцуулсан өдөрлөг зохион байгуулсан бөгөөд энэ нь цаашдаа Тусгай Олимпийн тамирчдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус сургууль дээр мөн Хамтарсан Сургууль хөтөлбөр хэрэгжсэнээр сургуулийн бүх хүүхдүүд ялангуяа ахлах, дунд ангийн сурагчдад зөв ойлголт, хандлага бий болгох зорилготой юм. Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлэхэд БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Б. Мөнххишиг, БЗД-ийн 20-р хорооны засаг дарга Ц. Гомбосүрэн, 33-р хорооны засаг дарга Г. Ерөөлт нар өөрийн биеэр оролцож, цаашдаа хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )