БЗД: Хоггүй дүүрэг болоход иргэдийн оролцоо чухал

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Баянзүрх дүүргийн хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулах, тээвэрлэх шинэ менежментийг нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн уялдаа холбоог нэмэгдүүлэх үүднээс “Хоггүй-Баянзүрх” хурал зохион байгуулагдлаа.

Хуралд Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Б.Батбаяр болон дүүргийн удирдлагууд, хороо, хэсгийн ахлагчаас эхлээд холбогдох алба хэлтсийн төлөөлөл оролцлоо.

 

 

Баянзүрх дүүргийн хог хаягдлын чиглэлээр 2022 онд хийж хэрэгжүүлэх ажил, Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, Хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ зэрэг асуудлын хүрээнд мэдээллийг хүргэж, хурлаас тодорхой үр дүн гарна хэмээн зохион байгуулагчид онцолсон.

Тухайлбал Баянзүрх дүүргийн иргэдийн эрүүл, цэвэр амьдралын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хог тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулж байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулан хоггүй дүүрэг болно.

Манай улс 2020 онд нийт хог хаягдлын 11.4 хувийг ангилсан бол 2030 он гэхэд энэ тоог 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн гэдгийг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж танилцуулсан. Энэ зорилтот хүрэхэд хогоо зөв ангилж, баялаг бүтээхэд иргэдийн идэвх оролцоо хамгийн их талаар хэлж байлаа.

 

 

Мөн нөлөөллийн арга хэмжээгээ зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэснээр тодорхой үр дүн гарсан бодитой жишээг ч танилцуулсан. Энэ үеэр Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх төрийн байгууллагууд уялдаа холбоо менежментээ сайжруулах, хорооны засаг дарга болон хэсгийн ахлагч нар хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.

Бидний дэвшүүлж буй хоггүй дүүрэг болох зорилтот хүрэхийн тулд төрийн байгууллагууд иргэдтэй хамтран ажиллах хэрэгтэй гэсэн юм. Энэхүү хурлыг цаашид тогтмол зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж ажиллахаар боллоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top