БЗД: Буулгасан гараашийн оронд хийгдэх ажлын явцыг шалгалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох албаныхан дүүргийн 40-р хорооны 72-р хотхон 1,2-р байрны хойно буулгасан 21 гараашийн оронд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Тухайн байршилд иргэдийн санал хүсэлтийн дагуу ил зогсоол, ногоон байгууламж хийж гүйцэтгэнэ.

Харин зарим иргэдийн зүгээс буугаагүй үлдсэн 1 гараашийг буулгах тал дээр асуудал хөндсөн. Тухайн гарааш нь өнгө үзэмж, ашиглалтын шаардлага хангахгүй ч өмчлөлийнх учраас буулгахад хүндрэлтэй. Үүнд Засаг дарга Н.Баярмөнх холбогдох газрын албыг шаардлагатай хүсэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагад гаргаж, яаралтай зохих арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Тэрээр хэлэхдээ “Үлдсэн гараашийн хувьд өнгө үзэмж, ашиглалтын шаардлага хангахгүй мөд нурж унах гэж байгаа учраас холбогдох хүсэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай тавьж, арга хэмжээ авах хэрэгтэй. Иргэдийн дийлэнх нь нийтийн эрх ашгийг хангахын төлөө санал нэгдэж зүтгэж байхад зарим нь зөвхөн “БИ” гэдэг хандлагаар хандаж болохгүй” гэсэн юм. Мөн Нийслэлийн төлөөлөгч, дүүргийн Засаг даргын хувиар холбогдох асуудлыг хөндөж ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top