Баян орныг хэрхэн ядуу болгох вэ: Аргентин “Өмнөд Америкийн Трамп”-ыг сонгов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

Зуун жилийн өмнө Аргентин нь дэлхийн хамгийн баян орнуудын нэг байв. Аргентинчууд франц, германчуудаас илүү амьдарч, европчууд сайхан амьдрал хөөн, тус улс руу цагаачилдаг байжээ. Харин өдгөө Аргентин нь хагас зуун жилийн турш шил шилээ дагасан хямралд нухлуулсан ядуу орон болж хувирчээ. Хэдэн жилд нэг удаа аргентинчууд чөтгөрийн тойргоос гарахын тулд сөрөг хүчнийг сонгодог.
Аргентины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд хангалттай дэмжлэг авахгүй гэж үзэж байсан хэт барууны үзэлтэй улстөрч Хавьер Милей ялж, гэнэтийн бэлэг барив. Тэрбээр сонгогчдын 56 хувийн санал авчээ.

Тик Ток-ийн од, эдийн засагч, арзгар үс, өтгөн хуузыг брэндээ болгосон 53 настай Хавьер Милейг Доналд Трамп, Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонарутай жишдэг. Тэрбээр инфляцын хорт хавдартай тэмцэхийн тулд Төв банкаа шатаана хэмээн амлаж байв.

Сонгуулийн сурталчилгаагаа цахилгаан хөрөө барин гарч ирж, эхлүүлж байсан Милей шинэчлэл, өөрчлөлт хийнэ хэмээн амлаж байна.

Байгалийн баялгаар баян тус улсын хүн амын 40 хувь нэн ядуу амьдарч байна. Үнэ нүдэн дээр өсөж, жилийн инфляц нь 140 хувьд хүрдэг. Тус улсыг хувийн секторын өрийн дефолтод орохоос Олон улсын валютын сан аварч байсан бол ОУВС-ийн өрийн дефолтоос Хятад аварчээ. Хавьер Милей энэ бүх асуудлыг шийдэх экстрим жор санал болгож байна. Песо-г ам.доллароор сольж, инфляцтай тэмцэж чадахгүй байгаа Төв банкаа өөрийн биеэр шатаах аж.

Тэрбээр улс төрийн сорилд орж байгаагүй нь сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн гэж шинжээчид үзэж байна. Үндэсний валютаа халж, оронд нь ам.долларыг албан ёсны үндэсний валют болгох тухай түүний мэдэгдлийг дэмжигчид нь алга ташин хүлээн авсан бол эдийн засагчид санхүүгийн сүйрэл авчирна хэмээн эмээж байна.

Аргентин хэрхэн ядуурав

1974 оныг хүртэл Аргентин улс хөгжингүй орнуудтай мөр зэрэгцэн алхаж, хурдацтай биш ч итгэлтэй өсөж, амьдралын чанар болон ДНБ нь Европтой дүйцэхүйц байв.

Түүнээс хойших 30 жил зогсонги байдалд орж, үе үе гүн хямралд орох болжээ. 2002 онд нэг хүнд ногдох ДНБ 1974 оны хэмжээнд хүрч буурсан байна.

1998-2001 оны их хямралын дараах сэргэлт 2010 он хүртэл удаан үргэлжилсэнгүй. Түүнээс хойш Аргентин улс хямрал, зогсонги байдалд орж, ядуурал руу гулссаар байна. Сүүлийн хагас зуун жилд тус улс чөтгөрийн тойрогт орсон мэт. Эхлээд эрх баригчид тэртээ тэргүй байхгүй мөнгийг үрж, хөгжингүй орны хангалуун амьдралын хоосон дүр бүтээнэ. Үүний тулд песо хэвлэж, гаднаас ам.доллар зээлнэ.

Аргентины сүүлийн 50 жилийн макро эдийн засгийн түүх онцгой нөхцөл байдлаар дүүрэн. Дундаж давхаргын аргентинчуудад эдгээр үйл явдал зөвхөн зовлон, шаналал л авчирсан. Энэ бүх үйл явдал нэг л өвчний шинж тэмдэг. Энэ нь эрх баригчдын төсөвт орж буй татварын хэмжээтэй тохирсон зардал гаргах чадваргүй байдал гэж АНУ-ын эдийн засагч Франсиско Буэра, Хуан Пабло Николини нар 1960-аад оноос хойш эцэс төгсгөлгүй үргэлжлэх хямралын шалтгааны талаарх судалгаандаа дурдаж байв.

Хэвлэсэн мөнгөө үрэн таран хийж, хадгаламж инфляцад идэгдэж, зээл олгогчид зээл олгохоос зогсоож, песо үнэгүйдэн, өрөнд орсон улс дефолтод орж, ОУВС-аас тусламж хүснэ. Энэ үе шатанд мөрөөдлөөсөө татгалзаж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүйд хүрдэг.

Яг энэ үед эрх баригчид солигдон, засгийн эрхэнд шинэчлэгчид гарч ирж, бүсээ чангалж, либерал шинэчлэл хийж эхэлдэг.

Нийгмийн халамж үгүй болж, ядуурал өснө. Хүн ам, аж ахуйн нэгжүүд буцалтгүй өглөг мэт авч байсан өр, зээлээ төлж эхэлдэг. Ингэснээр инфляцыг тогтоож, зээл олгогчдын итгэлийг эргүүлэн авдаг. Гэвч орлогоо нэмэгдүүлж эс сурна.

Тиймээс сонгогчид сөрөг хүчинд найдвар тавина.

Цэргийн диктатур унаснаас хойших 40 жилийн турш Аргентины төрийн эрх улс орноо мөнхийн хямралын замаас тогтвортой хөгжлийн замд гаргаж чадахгүй гэдгээ баталсан улс төрийн хүчнүүдийн гараас гарт дамжина.

Үүнийг л засаж, цоо шинэ жорыг амтлахыг санал болгож буй Хавьер Милейг аргентинчууд сонголоо.

Аргентин хямралаас гарч чадах уу?

Хавьер Милейд төсвийн хөрөнгийг хатуу хэмнэж, нийгмийн зардлаа танах шаардлагатай. Хэмнэхгүйгээр Аргентин төсвөө цэгцэлж, хамгийн гол нь ОУВС-аас зээл авах болзлыг хангаж чадахгүй. ОУВС өмнөх зээлээ төлбөл 44 тэрбум ам.долларын зээл дахин олгоно хэмээн амлаж байгаа. ОУВС-ийн зээлээс өөр Аргентинд гаднаас санхүүжилт авах боломж байхгүй.

Мөнхийн хямралын хараалыг арилгаж, нэгэн цагт баян байсан орныг сөхрүүлэхгүйн тулд Милейд ард иргэдээ дахин нэг сонголт хийхийг ятгахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ удаад үнэгүй санал бус гудсан доороо хадгалж буй хуримтлалаараа дэмжихийг хүснэ. Аргентины Төв банкны мэдээлснээр, 2020 оны байдлаар аргентинчууд 170 тэрбум ам.долларыг ийм маягаар хадгалж буй. Банканд итгэх итгэлийг сэргээж, энэ их хэмжээний хадгаламжийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд улсынхаа бодлогод итгэх итгэлийг эргүүлэн авах ёстой. Энэ бол хүнд зам. Учир нь ялалт байгуулсан нэр дэвшигч өөрөө ч үүнд итгэхгүй байгаа.

Милейн анхны мэдэгдэл

Аргентинд суурь шинэчлэл явуулж, бүхий л салбарт хэрсэн төрийн оролцооноос ангижрах шаардлагатай гэж Хавьер Милей Аргентины ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хийсэн анхны мэдэгдэлдээ онцлов.

Аргентин туйлын хүнд нөхцөл байдалд байна. Аажим хэмнэл, шийдэмгүй бус байдал, хагас арга хэмжээ гэсэн ойлголт байх ёсгүй гэж тэрбээр мэдэгдэж байна. Түүнийг сонгосноор Аргентин түүхийн шинэ хуудсыг нээлээ гээд тэрбээр Аргентиныг эрх чөлөөний замаар хөтөлж, дэлхийн гүрэн болгоно хэмээн амлаж байна. Чөлөөт ертөнцийн бүх улс оронтой хамтран ажиллана гэж Милей мэдэгджээ.

Цахилгаан хөрөөг бэлэг тэмдгээр сонгосон Милей төсвийн зардлыг ихээхэн танахыг төлөвлөж байна.

Тэрбээр Бразил, Хятад, Оростой харилцаагаа хөгжүүлэх бодолгүй байгаа ч хувийн сектор эдгээр улс оронтой хамтарч ажиллах боломжийг нь хаахгүй гэж мэдэгдэв. Милей АНУ, Израилтай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(172.59.188.195) 2024 оны 01 сарын 09

Dollars kolonchlold orsonoor l urund unaj baigaa hebelsen tsaasaar buh baylagiig hamdag. Mongol ch yalgaagui hyadad orosiin mungu baga ch gesen hansh barij baigaa tur zasag bish gadnii nuluunuus l garah heregtei Dollars kolonchlold Mongol 30 jil ur yaduural baabar enhsaihan elbeg da ganbold hurts bayrtsort bayr geed heden luuhaanii sheeshuud hulgai luibar aar tansahlaj ardchilal saihan geed humuusiig munhulaad ba

0  |  1
bas neoliberial (202.55.191.130) 2023 оны 11 сарын 21

gargaj bui sanaa argetind dollaraar bvh uls orondoo hudaldaa hiij pesog halan gej bna. getel laten amerikiin ekvator uls heregjuuleed odoo ybj baigaa ch boon or shir hanshiin unalt geed baij l bnaa. oligtoi arga bishee..

2  |  0
зочин(66.181.181.147) 2023 оны 11 сарын 21

яг манайхтай адил юмаа хөөрхий

1  |  0
Top