ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10

Өнөөдөр 2025.04.09. Энэ оны 99 дахь өдөр бөгөөд он дуусахад 266 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 12 минутад мандаж, 19 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатарт бороо шивэрнэ. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 10 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гэрээсээ ажиллах дэлхийн өдөр, Олон улсын эсэргүүцлийн хөдөлгөөний өдөр тохиож байгаа бол Азербайжан Барилгачдын өдөр, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Гэр бүлийн баяр, Исланд Инженерүүдийн өдөр, Тажикстан Дотоодын цэргийн баяр, Тайланд Каучукийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Европын цагаан шаазанг зохион бүтээсэн Эренфрид Вальтер фон Чирнхаус, цэргийн анагаах ухааныг үндэслэгчдийн нэг Жон Прингл, япончуудад хилээ гаднынханд нээхийг хүчээр тулгасан Мэтью Кэлбрэйт Перри, “Бен Гур” романы зохиолч Льюис Уоллес, Холливудын жүжигчин Стивен Сигал нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1710 онд дэлхийн анхны зохиогчийн эрхийн тухай хууль Англид хүчин төгөлдөр болов.

1912 оны энэ өдөр Британийн “Титаник” хөлөг онгоц анхны бөгөөд сүүлчийн аялалдаа гарав.

1972 оны энэ өдөр Бактериологийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцыг  баталжээ.

2010 онд Польшийн нисэх хүчний “Tu-154M” онгоц осолдож, Польшийн Ерөнхийлөгч Лех Качински амиа алдав.

2019 оны энэ өдөр хар нүхний анхны гэрэл зургийг танилцуулав.

Билгийн тооллын 13. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu