ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17

Өнөөдөр 2025.04.17. Энэ оны 107 дахь өдөр бөгөөд он дуусахад 258 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 59 минутад мандаж, 19 цаг 45 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Цусны өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр, Олон улсын кофены өдөр тохиож байна. Энэ өдөр Габон Эмэгтэйчүүдийн баяр, Кубад Нисэх хүчний өдөр, Иракт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын өдөр, Сирид Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Английн жүжигчин Оливиа Хасси, дуучин, дизайнер Викториа Бекхэм, жүжигчин Шон Бин, Америкийн найруулагч, Оскарын шагналт Адам Маккей, жүжигчин Женнифер Гарнер, Руни Мара, Канадын жүжигчин Жаклин Макиннес Вуд, хөлбөмбөгч Рэйчел Ламарр зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1961 оны энэ өдөр 1955-1958 онд БНМАУ-д ирж ажилласан БНХАУ-ын ес дэх ээлжийн ажилчид нутаг буцжээ.

1983 оны энэ өдөр БНМАУ-ын “Үнэн сонин”-д “Улсын бүрэн эрхийг хүндэтгэх нь хөрш улсуудын зайлшгүй нэг онцлог юм” нэртэй нийтлэл гарав. Уг нийтлэлд БНХАУ болон ЗХУ-ын зөвшилцөөний явцад ЗХУ-ыг БНМАУ-аас цэргээ татахыг шаардсан нь БНМАУ-ын дотоод бодлогод халдсан хэрэг гэж шүүмжилсэн байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1492 онд Христофор Колумб Испанитай гэрээ байгуулж, Энэтхэг рүү хүрэх шинэ зам нээх үүрэг хүлээжээ.

1875 онд Британийн хурандаа Невилл Чемберлен снукер бильярдыг снаачилжээ.

1924 оны энэ өдөр Холливудын “Metro-Goldwyn-Mayer” студи байгуудагдав.

1946 оны энэ өдөр Францын армийн сүүлийн анги нэгтгэл Сири улсаас гарчээ.

1970 оны энэ өдөр задгай сансарт ноцтой гэмтэж, хүмүүсийг түгшээж байсан “Аполло 13” сансрын хөлөг эх дэлхийдээ газардав.

1971 оны энэ өдөр Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагджээ.

1982 оны энэ өдөр Канад улс үндсэн хуулиараа Төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетийг тодруулжээ.

2021 онд Эдинбургийн гүн Филиппийг сүүлчийн замд нь үдэв.

Билгийн тооллын 19. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал  сайн нөхөртэй нөхөрлөнө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu