Өнөөдөр 2025.04.24. Энэ оны 114 дахь өдөр бөгөөд он дуусахад 251 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 46 минутад мандаж, 19 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 1 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Лабораторийн амьтдыг хамгаалах өдөр, Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног тохиож байна. Дэлхийн улс орнуудаас Балбад Ардчиллын өдөр, Замбид Хүүхдийн эрхийг хамгаалах, Гамбид Бүгд найрамдах улсын өдөр, Хятадад сансар судлалын өдөр, Энэтхэгт Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн өдөр, Монголд Генералуудын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр “Алтан бөмбөрцөг” наадмын 9, Грэммийн хөгжмийн наадмын 10 удаагийн шагналт жүжигчин, дуучин Барбара Стрэйсэнд, Италийн хөлбөмбөгч Алессандро Костакурта, Украины таван төрөлтийн тамирчин, дэлхийн аварга Ханна Мельниченко, Бельгийн хөлбөмбөгч Йан Вертонген, Өмнөд Солонгосын жүжигчин Ким Тэ Ри зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1956 оны энэ өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.
1997 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг баталжээ.
2017 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан юм.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1800 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс Конгрессын номын санг байгуулж, ном худалдан авахад зориулж таван мянган ам.доллар төсөвлөв.
1833 оны энэ өдөр АНУ-д хийжүүлсэн усыг патентлуулжээ.
1953 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилльд сир буюу “хөлөг баатар” цол олгожээ.
1965 оны энэ өдөр Доминиканы бүгд найрамдах улсад төрийн эргэлт болж, Засгийн эрхийг шилжүүлснээр тус улсын иргэний дайн намжив.
1996 оны энэ өдөр АНУ “Терроризмтой тэмцэх, цаазын ял оноох тухай” хуулийг баталжээ.
2004 оны энэ өдөр АНУ Ливид 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоригоо цуцлав.
2013 онд Бангладешийн Саварад барилга нурж, 1127 хүн амиа алдаж, 2500 хүн бэртэж, гэмтжээ.
Билгийн тооллын 26. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )