ӨГЛӨӨНИЙ МЭНД

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

Өнөөдөр 2025.05.09. Энэ оны 129 дахь өдөр бөгөөд он дуусахад 236 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 22 минутад мандаж, 20 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 19 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын дэлхийн II дайнд амиа алдагчдыг дурсах өдөр, Дэлхийн гудамжны хөгжимчдийн баяр тохиож байгаа бол Хойд Македони,  Серби,  Черногор,  Израиль, ОХУ-д Ялалтын баяр, Жерси аралд Эрх чөлөөний өдөр, Европын холбоонд Европын өдөр, АНУ-д Багш нарын баяр, Узбекистанд Дурсгал, хүндэтгэлийн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Олимп, дэлхийн аварга Косовогийн жүдоч Майлинда Келменди, АНУ-ын жүжигчин, дуучин, зохиолч Розарио Доусон, ОХУ-ын найруулагч Фёдор Бондарчук, Америкийн дуучин Билли Жоэл, Канадын хоккейчин Стив Айзерман, Беларусын жүжигчин  Алеса Качер нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1450 - Бага хаадын үеийн хаан Төмрийн ачанцар Абд аль Латиф бусдын гарт амиа алджээ.

1886 – Кока Кола ундааны албан ёсны төрсөн өдөр.

1913 – Францад алдарт “Фантомас” кино дэлгэцэд гарав.

1936 - Италийн цэргүүд Этиопийн нийслэл Аддис Абеба хотыг эзлэн авч, Италийн бүрэлдэхүүнд нэгтгэв.

1955 - Баруун Герман Умард Атлантын цэргийн эвсэлд /НАТО/ элсэв.

1967 – Армид алба хаахаас татгалзсан Мохаммед Алигаас дэлхийн аварга цолыг нь хураан авав.

1970 - АНУ-ын "Цагаан ордон"-ы гадаа Вьетнамын дайныг эсэргүүцсэн 75-100 мянган хүний жагсаал болжээ.

2022 – АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины ардчиллыг хамгаалахад тусламж үзүүлэх хуулийг баталлаа.

Билгийн тооллын 12, Тугчин одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu