ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

Өнөөдөр 2025.05.29. Энэ оны 149 дахь өдөр бөгөөд он дуусахад 216 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандаж, 20 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 21 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагчдын өдөр, Дэлхийн эрүүл хоол боловсруулалтын өдөр тохиож байна. Аргентинд Армийн өдөр, Нигерид Ардчиллын өдөр, Киргизэд Зэвсэгт хүчний өдөр, Германд Аавуудын баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Ираны кино найруулагч Мохсен Махмальбаф, Америкийн жүжигчин Аннетт Бенинг, Эдриан Пол, Руперт Эверетт, Английн дуучин Мелани Браун, Оросын хөлбөмбөгч Егор Титов, Андрей Аршавин, Америкийн сагсанбөмбөгч Кармело Энтони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1832 оны энэ өдөр Канадад Оттава голыг Онтарио нууртай холбосон Ридо сувгийг албан ёсоор нээжээ.

1848 оны энэ өдөр Висконсин АНУ-ын муж болов.

1919 оны энэ өдөр Артур Эддингтоны хийсэн нарны бүтэн хиртэлтийн ажиглалт нь Альберт Эйнштейний харьцангуйн онолыг бүрэн төгс баталжээ.

1988 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы ЗСБНХУ-д хийх айлчлал эхлэв.

1990 оны энэ өдөр Б.Н.Ельцин Зөвлөлт Холбоот Социалист Бүгд Найрамдах Орос улсын Дээд зөвлөлийн даргаар сонгогджээ.

2005 оны энэ өдөр Францад бүх нийтийн санал хураалтаар ард иргэдийн дийлэнх нь Европын үндсэн хуулийн эсрэг санал өгөв.

2009 оны энэ өдөр Цагаан ордонд кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулжээ. 

Билгийн тооллын 3. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu